Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ач холбогдол улам их болж байна

2015 оны 10 сарын 23

Дэлхийн шилдэг сэтгүүлчдийн хамгийн том цугларалт буюу Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 9 дүгээр чуулга уулзалтад Монголын төлөөлөгчид анх удаа оролцоод ирлээ. Чуулганы төлөөлөгчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүүлийн үеийн чиг хандлагын талаарх шинэ мэдлэг, туршлагаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцаж, дугуй ширэний уулзалт зохион байгуулав.  

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 9 дүгээр чуулга уулзалтад дэлхийн 121 орны 950 гаруй төлөөлөгч оролцсон байна. Чуулганд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ач холбогдол сүүлийн үед улам бүр өндөрсөж буйг тэмдэглэж, мөн ажил үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлчдийг дарамтлах, мөрдөж мөшгих, хорьж хүчирхийлэх явдал дэлхийн өнцөг булан бүрт хэрээс хэтэрч буйг тэмдэглээд, “Сэтгүүлчийн аюулгүйн баталгааг шаардах тунхаг” бичгийг санал нэгтэйгээр баталсныг Монголын төлөөлөгчид мэдээлж, тунхаг бичгийг танилцууллаа.

Уг чуулганаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиг хандлага, хөгжил, хүндрэл бэрхшээл, авлига, зохион байгуулалттай гэмт хэрэг, банк санхүүгийн асуудал, хил дамнасан хүний наймааны асуудлаар эрэн сурвалжлага хэрхэн хийх, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шинэ хэрэглэгдэхүүн зэрэг сэдвийн хүрээнд нийт 170 салбар хуралдаан болжээ. Үүнд Монгол дахь хэвлэл мэдээллийн нөхцөл байдал, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх боломж бэрхшээлийн талаарх бие даасан салбар хуралдаан багтаж байсан нь онцлог байв. Энэхүү салбар хуралдааны үеэр Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах, олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлч Марк Лий Хантер нар илтгэл тавьж, оролцогчидтой санал солилцсон байна.

“Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд дэлхий дахинаа зардлаа танаж, орон тоогоо цомхотгож буй учир чанартай, даацтай сэтгүүл зүйн бүтээл хомсдож байна. Тийм учраас хараат бус, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ач холбогдол хэзээ хэзээнээс өндөрсөж, энэ чиглэлээр дагнасан хэвлэл мэдээллийн болон ашгийн бус байгууллагууд дэлхийн олон оронд хүчээ авч байна” хэмээн Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал уулзалтын үеэр тэмдэглэв.

Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө төдийлөн сайнгүй, хэвлэл мэдээллийн зах зээлийн чөлөөт өрсөлдөөн сул байгаа хэдий ч, чанартай сэтгүүл зүйг эрхэмлэж буй шинэ залуу, эрч хүчтэй сэтгүүлчдийн нэгэн үе бий болж байгаа, мөн хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг түүчээлэн манлайлж, сэтгүүлчдийг сургаж чадавхжуулдаг хараат бус төрийн бус байгууллага нэг бус байгаа нь Монголын сэтгүүл зүйд найдлага төрүүлж байна хэмээн Монголын салбар хуралдаанаар онцолсныг чуулганд оролцоод ирсэн төлөөлөгчид уламжиллаа.

Монголын сэтгүүлчдэд амжилт хүсч, хувийн зөвлөмжөө илгээсэн олон улсын сэтгүүлчдийн видео илгээлтийг дугуй ширээний уулзалтын үеэр мөн танилцуулав.  

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 9 дүгээр чуулга уулзалтад Монголын төлөөлөгчид оролцох боломжийг Английн Элчин Сайдын Яам бий болгож, санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Дараагийн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлхийн чуулга уулзалт 2017 онд Өмнөд Африкийн Жоханнесбургт болох аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна