Болорын төсөв, Золжаргалын бодлого

2015 оны 10 сарын 23

УИХ дээр Б.Болорын төсвийг, Н.Золжаргалын мөнгөний бодлогыг ид хэлэлцэж байна. Сангийн сайд төрийн цомхотголыг, Монголбанкны ерөнхийлөгч шинэ эдийн засгийн тэнцвэрийг УИХ-д санал болгож буй.  

Харамсалтай нь, төсөв, мөнгөний бодлого гэх улс орны эдийн засгийн амин чухал асуудал дээр чуулганы танхим дахь 76 суудлын тавиас илүү хувь нь хоосон байх жишээний. Хэрэв төсөв, мөнгөний бодлого биш Ч.Сайханбилэгийн сандал, суудлыг хэлэлцсэн бол Саарал ордонд үзэгддэггүй өнөөх долоовор хуруунууд нь аль хэдийнэ гараад ирчихсэн сууж байхгүй юу.

Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаандаа Н.Алтанхуягийг огцруулах үед  л чуулганы танхимд харагдаад өнгөрсөн Б.Наранхүү, Х.Баттулга  мэтийн “өдрийн од” Ардчилсан намын бүлэгт цөөнгүй бий. Ардын намд Ц.Дашдорж гэж чуулганы хуралдаандаа огт суудаггүй сайхан гар нэг байна.

Улсын төсөв бол Б.Болорын, төрийн мөнгөний бодлого Н.Золжаргалын асуудал биш юм. Ганцхан Монгол ч биш аль ч улс орон цаашдаа хоолтой хонох үгүйгээ энэ хоёр бодлогоороо  тодорхойлдог болохоор олон нийт ч төсөв, мөнгөний бодлого яаж батлахыг харж суудаг. Энэ утгаараа төсвийн бодлого нь төрийн мөнгөний бодлоготойгоо уялдаж батлагдах ёстой. Өнөөдрийн нөхцөлд төсөв нь хатуу, мөнгөний бодлого нь зөөлөн байх шаардлагатай байна.

Дэд сайдуудаа явуулж, агентлагуудаа цөөлж, дарга нарынхаа цалин, хангамжийг бууруулах Б.Болорын “большевик” бодлогын хүрээнд яамдын тоог ес болгож, зургаан агентлагийг цомхотгож, таван агентлагийг нэгтгэхээр болсон. Мөн 11 тусгай санг татан буулгана. Гэвч, төрийн албан хаагчийг цөөрүүлэх Б.Болорын төсвийн төслийн алдагдал 3.27 хувь. Эдийн засгийн өсөлт оны эцсээр гуравхан хувьтай гарна гэсэн муу төсөөлөл байгаа нөхцөлд төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.27 хувьтай тэнцэхээр батлах нь ирэх жил эдийн засаг илүү “өвдөнө" гэж ойлгох хэрэгтэй. Иймээс л Н.Золжаргал шинэ тэнцвэрийн бодлогоо гаргаж, улстөрчдийг ухуулаад байгаа хэрэг. Түүний санал болгож буй эдийн засгийн шинэ тэнцвэрийн бодлого УИХ-аас хэр дэмжлэг авахыг мэдэхгүй байна. 

Ямар ч байсан Пүрэв гаригийн буюу өчигдрийн чуулганы хуралдаанаар 2016 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр Н.Золжаргалаас арилжааны банкуудын одоо гаргаж байгаа зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжүүлэхийг олон гишүүн шаардсан билээ. Үнэндээ өнгөрсөн гурван жилийн турш Монголбанкнаас мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Инфляци 4.9 хувьтай гарч байхад бодлогын хүү 13 хувьтай байгаа нь мөнгөний хатуугийн хатуу, нэг үгээр хэлбэл, хувийн хэвшлийнхний хувьд “харгис” бодлого хэрэгжиж байна гэсэн үг. Гэвч, Засгийн газар нь сар болгон 100 тэрбумын алдагдал үйлдвэрлэж байхад бодлогын хүүг зөөлрүүлэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар алдагдлаа нөхөхийн тулд үнэт, цаас бонд гаргаж, арилжааны банкуудын хамаг мөнгийг “түүж” байгаа тохиолдолд шүү дээ.

Б.Болорын оруулж ирсэн төсвийн тэлэх бодлогыг үргэлжлүүлбэл Засгийн газрын гадаад, дотоод өрийн дарамт нэмэгдэж, мөнгөний бодлогын орон зай хязгаарлагдаж, хувийн хэвшлийнхэн шахагдаж, тэднийг дэмжих эдийн засгийн идэвхжил байхгүй болно. Нэг ёсондоо эдийн засгийн тогтвортой байдалд төсвийн 3.27 хувийн алдагдал сөргөөр нөлөөлнө.

Төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж буй үед гаргаж тавьж байгаа Төв банкны “Шинэ тэнцвэр” эрх баригчдын сонирхлыг огтоос татахгүй байгаа бололтой. Учир нь, төсвийн хэлэлцүүлэг өрнөх чуулганы хуралдаанд Ардчилсан намаас есхөн гишүүн, өчигдөр төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэхэд ердөө гуравхан сайд танхимд сууж байсан билээ. Уг нь эрх баригчид энэ бодлогод жаахан ч болтугай анхаарал тавих юм бол эдийн засгийн хямралаас гарах шинэ бодлого болох юм шүү дээ.

Ирэх жилийн хувьд эдийн засгийн гадаад орчин таагүй, тодорхой бус байдал үргэлжилсэн, хөрөнгө оруулалтын сөрөг хүлээлт хэвээр байх шинжтэй. Ялангуяа Хятадын  эдийн засгийн өсөлт саарах хандлагатай тул эрдэс баялгийн эрэлт сул, ам.долларын ханш дэлхийн голлох валютуудын эсрэг чангарч, уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай, хөгжиж буй орнуудаас хөрөнгө дайжих явдал ч үргэлжлэх төлөв ажиглагдаж байна. Иймээс л Н.Золжаргал Б.Болорын оруулж ирсэн төсвийн алдагдлыг чадвал тэг болгох чадахгүй бол ДНБ-ий нэг хувьтай тэнцүүлэх хэрэгтэйг улстөрчдөд зөвлөнө лээ.

Төрийн албан хаагчдыг цөөлж нэг талдаа төсвөө “хумих” Сангийн сайд нөгөө гараараа алдагдал үйлдвэрлэвэл хувийн хэвшлийнхний “бүжиглэх” орон зай улам хумигдах болно. Тиймээс төсвийн бодлогын шинэчлэлийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэхдээ улсын дотоод өрийг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн төлөвлөлтийг бодитой төлөвлөж, баталдаг байх, төсөв нэгдмэл шинж чанартай байх гэсэн гурван зарчмыг мөрдөх шаардлагатай болж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Б.Болорын оруулж ирсэн төсвийн алдагдлыг ч шахаж, хаалга барих, өндөрлөг хийх, сургалтын төв байгуулах зэрэг нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтуудыг зогсоож хөдөө орон нутагт хэрэгтэй, хэрэггүй соёлын төв, сургууль цэцэрлэг барих төсвийг ядаж л  мөнгөгүй, хөрөнгө оруулалтгүй болсон хямралтай байгаа үедээ тэвчээд танамаар байна. Тэгж байж л алдагдлыг бууруулж, хувийн хэвшлийнхнээ “бүжиглэх” орон зайг бий болгож чадна.

Одоо байгаа шиг Засгийн газар нь 100 тэрбумын алдагдал үйлдвэрлэж, түүний эсрэг Төв банк нь бодлогын хүүгээ 13 хувь дээр барьж байгаа нөхцөлд Ц.Нямдоржийн хэлсэнчлэн арилжааны банкууд нь “таргалах”-аас өөрөөр яах юм бэ. Бодлогын хүү зөөлөрч байж зээлийн хүү буурна. Дагаад хадгаламжийн хүү буурна, тэгвэл хөрөнгийн зах зээлийн идэвхжил сэргэнэ. Энэ бол төрийн албаа ч цомхотго, төсвийн хөрөнгө оруулалтуудаа ч тэглэ гэсэн үг. Үнэнийг хэлэхэд эдийн засгийн цусны эргэлтийг гацааж байгаа ганц субъект бол УИХ өөрөө болсон. Унагана, гацаана, хөөнө. Угтаа эзэнгүй сум, эвдэрхий хаалга барих “гоё” санааг улстөрчид өөрсдөө  л гаргаж ирдэг. Ялыг нь Засгийн газар үүрдэг болохоос ямбыг нь тэд эдэлдэггүй гэж үү. Төсөв гэснээс Ерөнхий сайд нь “Хавдрын эсрэг аян”-д нэгдэж сарын цалингаа хандивлаж, пиардаж суухаар “ТЭЗҮ” нэрээр төсөвлөсөн тэрбум, тэрбум төгрөгөөрөө аппаратыг нь аваад өгөхөд болохгүй нь юу вэ. Төсвөө бодитой төлөвлөнө гэж үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ.

Эцэст хэлэхэд, УИХ-ын гишүүд ээ, чуулганы хуралдаандаа суу. Энэ чинь Б.Болорын өрхийн төсөв, Н.Золжаргалын түрийвчний асуудал биш гэдгийг ахиад хэлье. Улс орон чинь ирэх жил юугаа идэх вэ, иргэд чинь ажилтай, хоолтой байж чадах уу гэдгээ ярьж байна.

 Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна