"Тодорхой хэмжээний асуудал болсон байгаа нь үнэн"

2015 оны 10 сарын 23

Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ, Улсын Их Хурлын гишүүн Ц.НЯМДОРЖ нар танилцууллаа.


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Энэ хууль байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх ёстой эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Уг нь шинэчилсэн найруулгын төслөөр өргөн барих ёстой юм биш үү. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг юу гэж үзэж байна. Д.Ганбат ер нь хууль зүйн байнгын хорооны даргаа хийж чадаж байна уу? Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхдаа хилийн шалганыг хоёр тусдаа байхад нэг болгосон. Одоо ерөнхий сайд болчихоод энэ шинэчлэлийг өөрчилж 500 хүний амьдралаар тоглож байна. Улс орон чинь дордоод байна. Иргэндээ хийсэн шинэчлэлийг устгаж байна. Ийм ерөнхий сайдтай байх ёстой ч юм уу? Хоёр нүүртэй туйлбаргүй бодолтой ийм Засгийн газрыг хамгаалаад зогсож байх ёстой ч юм уу үгүй ч юм уу мэдэхгүй байна. Д.Дорлигжав сайд болчихоод 2012 онд хийсэн бүх ажлыг балруулдаж дууслаа. Үүнийг би ойлгохгүй байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Өнгөрсөн өвөл хил боомтуудаар явсан. Тиймээс өнөөдрийн оруулж ирж байгаа асуудлыг дэмжиж байна. Энэ хил хамгаалах, туслах хүчний сайн дурын үйл ажиллагааг дэмжинэ гээд оруулаад ирсэн байна. Техник болон үйл ажиллагаа явуулах боломж хэр зэрэг хангагдсан байна вэ? Иргэний харьяат, визийн зөрчил зэрэг харьяатын чиглэл өөрчлөгдөх юм байна. Энэ салбарын халагдах солигдох тооцоо судалгааг хийсэн юм уу.

УИХ-ын гишүүн Д.Дорлигжав: Тодорхой хэмжээний асуудал болсон байгаа нь үнэн. Хил хамгаалалтын зөрчил нэмэгдсэн байгаа нь бодит бэрхшээл юм. Ер нь улсын аюулгүй байдлыг дордуулах гэдэг бол бодлогын том алдаа, үүнийг л зохицуулах гээд байна. Түүнээс биш хэрүүл хийж, намын эрх ашгийн асуудлыг хөндөх гэсэн юм алга.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл бол одоо мөрдөж байгаа хуулинд долоон өөрчлөлт оруулах асуудал байгаа юм. Эдгээр өөрчлөлт нь үгийг үгээр сольсон нэг их сүртэй том өөрчлөлт ороод байгаа юм байхгүй. Хамгийн гол нь хилийн шалган нэврүүлэхийг хилд нь буцаагаад өгөх тухай асуудал байна. Миний үед авах гэж оролдсон юм би өгөөгүй. 200-гаад хүн шалган нэвтрүүлэхээс Гадаад хэргийн харьяатад шилжсэн байх. Эдгээр хүнийг буцаах асуудал яригдаж байна. Монголдоо таарсан хууль байх ёстой гэдэг асуудал дээр Х.Тэмүүжин гишүүнтэй санал зөрдөг байхгүй юу. Эдгээр хоёр байгууллагыг нэг болгосон нь Х.Тэмүүжингийн буруу шүү. Одоо буцаах гээд яриад сууж байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Эргэлзээтэй зүйл их байна. Дахиад нэг баахан нүүдэл суудал болох юм байна. Миний сонссоноор 500 хүн ширээ сандлаа чирээд явах юм байна. Ийм богино хугацаанд нүүдэл хийх шаардлага байна уу. Ажлын чанар муудсан гэдэг нь ямар учиртай юм бэ? Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл санаа ямар байгаа юм? Ер нь нүүдэл суудлын асуудлыг яарч шийдэхгүйгээр байнгын хороогоо дахиад авч үзвэл яасан юм бэ?

Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Хуулийн нийт заалтын 50-иас дээш заалт өөрчлөлт орох юм бол шинэчилэн найруулдаг. Гэтэл өнөөдрийн яригдаж байгаа асуудал бол 30 хувийн өөрчлөлт орж байна. Хоёрт ширээ сандал зөөх бол асуудал биш. Ганцхан ямар удирдлагын доор хэн юу хийдэг болчихов гэдэг нь чухал. Зөрчлийг илрүүлэх ажил муудсан, үхсэн хүнийг ачаанд хийгээд хэд хэдэн удаа оруулж ирсэн. Шаардлагатай бол хилийн зөрчлийг хэлээд өгч болно. Дутуу харж хийсэн юмаа янзлах хэрэгтэй, ухаантай харж амьдрал дээр яаж хэрэгжиж байгааг харах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: БНХАУ-ын хилийн тухай тайланг харахад 192 мянган зорчигч 24 мянган тээврийн хэрэгслийг дутуу бүртгэж оруулсан байна. Энэ зөрчлийг арилгах үүднээс уг хуулийн төслийг оруулж ирсэн гэж ойлгож байна. Тэрнээс хоёр сайдын хэрүүл маргааны асуудал биш байх гэсэн юм.

Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд буцаалаа. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ, Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН нар хийсэн юм. Энэ хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн зүгээс 75 хувийн дэмжлэг авч Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна