Олигархиудын кноп...

2015 оны 10 сарын 23

Сонгуулийн маргаашаас л энэ түүх эхэлдэг. УИХ-ын чуулганы танхим жилдээ цөөхөн өдөр дүүрдэг. Засаг солих, сайд огцруулах, томилох, албан тушаалын бялуу хуваах үеэр л гишүүдийн ирц бүрддэг. Бусад цагт үгүй. Мөнгөний бодлогоос эхлээд улс орны чухал асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед эрх баригчдын суудал, сайд нар эзгүй, УИХ-ын гишүүдийн ирц тал хүрэхтэй үгүйтэй. Аргаа барахдаа даргалагч З.Энхболд өнөөдөр хэлэлцэх асуудлыг маргааш өдөр рүү шилжүүлж байна. Монголын маргааш олон...

Маргааш засгаа хэрхэн хуваарилах вэ? Би болоод миний эзлэх эрх мэдлийн хувь хэмжээ түүнд ямар жин дарах вэ? Энэ асуудлыг ингэж шийдвэл надад хийгээд нэг ашиг сонирхолтонгуудад юу унах вэ гэсэн ганц л өнцгөөр өнөөгийн улстөрчид ханддаг болоод удлаа.

Аливаа том төсөл, хөтөлбөрийн ард Монголын эрх ашиг гэхээсээ монополь бүлэглэл, олигархуудын бизнес явдаг бичигдээгүй хууль бидний нийгэмд үйлчлээд байна.

Нам дамнасан бүлэглэл бүхнийг шийдэж байна гэж учир мэдэх нэг нь ярьдаг болов. Үгүйсгэхгүй. Монголд аль нь үнэн, юу нь буруу гэсэн ойлголт үгүй боллоо. Үүний цаад учир нь өөрсдийн ашгийг хамгаалж, бусдынхыг ямар ч үнээр хамаагүй уландаа гишгэлж, өнгө зүс нь танигдахын аргагүй буддаг болсонтой холбоотой. 

Монголд олигархиудын төсөл л хэрэгждэг боллоо. Саяхан МҮОНРТ-ийн “Алтан сан  хөмрөг”-т хадгалагдагдсан Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын Халх голын талаар ярьсан бичлэг саяхан олноо ил болов. “Хөрсний хувьд сайн хөрстэй. Халх гол шиг сайн хөрстэй газар байхгүй... Хэрэв тэнд газар тариаланг буруу эрхлэх л юм бол Дорнодын олон өдрөөр үргэлжилдэг шуурга тэрхүү үржил шимтэй хөрсийг ганцхан хаврын дотор үгүй хийж, улаан шороо үлдэх эмзэглэл байсан учраас тэрхүү сангийн аж ахуйг байгуулах төслийг хийхдээ маш болгоомжтой, техник, технологийн бодит боломжтой үе ирсэн цагт газар тариалан эрхлэх асуудлыг тэр үеийн Засгийн газар Хөдөө аж ахуйн яамандаа тавьж байсан. Үнэхээр тэр үед намын бодлогоор газар тариалан эрхлэнэ гээд дайрчихсан бол бид өнөөдөр Халх голгүй болчихсон байхыг үгүйсгэхгүй”  гэсэн түүний үг олонд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хүргэлээ. Тэрээр хууль тогтоохоосоо өмнө Монголын онцлогийг заавал харгалзаж үзэх ёстойг захьсан байв.

Энэ асуудлын талаар бид өнгөрсөн хаваржин, зунжин, намаржингаа хэрэлдэж байна. 

Энэхүү чөлөөт бүсэд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, газраа түрээслүүлнэ. Түүнээс орж ирэх орлого барагдашгүй гэх сайхан тайлбарыг салбарын сайд Р.Бурмаа хэлж байгаа. Харин түүнийг гадныханд газраа зарах гэж байсан гэсэн хардлага иргэдээс эхлээд иргэний хөдөлгөөн, улс төрийн хүчнүүдээс гарах болсон. Үнэндээ Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ төслийг өргөн бариад ганцхан сарын дотор буюу монголчуудын сэрэмж алдсан наадмын өмнөх өдөр батлуулсан. Өргөн барьсан автор нь Р.Бурмаа боловч үнэндээ ард нь МоАХ-ын толгойлогч бий гэдгийг хэвлэлүүдээр бичих болов. Үүнийг батлаж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ““Ариг ус” гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүүгийн компани, ”Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнийн компани ард нь байгаа. Хотод бүртгэлтэй компаниуд нэлээд их бий.  Эдгээр компани лоббидсон байхыг үгүйсгэх газаргүй” гэж Чөлөөт бүсийн талаар өгсөн ярилцлагадаа дурдсан.

Гэтэл буруу, зөв нь хамаагүй бүхнийг эсэргүүцэж байсан МАН яагаад энэ төслийн эсрэг зогссонгүй вэ гэх эргэлзээ төрнө. Цаад учир нь бас л хэвлэлүүдээр хэлээд байгаачлан Х.Баттулга, “МАК”-тай холбоотой. Мөнгөтэй, хөрөнгөтэйнхөө хүчинд МАН-ын залуу халаагаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ашиг сонирхолд нийцсэн учраас Ардын намынхан амаа үдүүлсэн гэдгийг бичиж байна. Ийнхүү ашиг сонирхол нэг цэгт огтлолцож, анхаарал суларсан ардын засгийн наадмын өмнө асуудлыг шийдсэн бололтой.   

Хамгийн сүүлд гэхэд Монголын Засгийн газар Цагаан суваргын ордод хөрөнгө оруулах гэрээг “МАК”-тай гарын үсэг зурсан. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэн батласан. Харин тэр үед Г.Уянга гишүүнд улайтлаа хэлүүлсэн Н.Номтойбаяр гишүүн үүнд оролцоогүй гэж хувьдаа хэлж чадахгүй нь. 

Араас нь “Бороо Гоулд”-ын будилаантай түүх бий. Ерөнхий сайд асан Сү.Батболдтой холбогддог энэ уурхай Монголын алтыг цөлмөхийн дээр татвараас чөлөөлөгдөж, дараа нь ухсан нүх, овоолсон шороо үлдээгээд арилаад алга болсон. Мэдээж Монголын нөлөө бүхий улстөрч байсан учраас л тэр бүхэн болж, татвар төлөхгүй тансаглаж байсан нь хэнд ч ойлгомжтой. Өнгөрсөн долоо хоногоос Гацууртын ордыг яаралтай ашиглах талаар дээд түвшинд яригдаж байгаа нь улс орны чухал тулгамдсан асуудлыг урагш хөдөлгөх гэхээсээ илүүтэй улстөрчид нэг талдаа зогссон гэж хардах үндэслэлтэй. Гацууртын ордыг ашиглахын тулд нинжа нарыг зориуд оруулж, тархи угаах төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлсэн гээд буй “Сenterra Gold”-той ч Сү.Батболд гишүүн холбогддог нь хэнд ч нууц байхаа болиод ил гарчихсан мэдээлэл. Түүнийг өөрийн эзэмшиж байсан “Бороо гоулд”-ын хувьцаагаа “Сenterra Gold”-д зарсан гэдэг ч хөрөнгө орлогын мэдүүлэг зэргээс нь харвал үгүй бололтой. Баттай нотолчих баримт сэлт үнэндээ алга. Ганц үнэн зүйл гэвэл Гацууртын орд гэрлийн хурдаар батлагдах вий.

Гэх мэтчилэн олон зуун иргэний хөрөнгө болох “Зоос” банкийг төрийн албан тушаал, эрх мэдлээ ашиглан хэрхэн дээрэмдэж, яаж дампууруулж аваад одоо хэнд зарахын тулд ашиггүй ажиллаж байгаа мэтээр харагдуулах “пиар”-аар энэ бүхэн үргэлжилнэ. Сайд болмогцоо өөрийн хувь эзэмшдэг банкаар зөвхөн салбарынхаа гүйлгээг хийлгэж байх тушаалтыг буулгасан тухай ч өнгөрсөн өдрүүдэд бишгүй цацагдлаа.

Жиргээчид Төрийн банкийг Худалдаа хөгжлийн банкны гэгддэг сахал Д.Эрдэнэбилэг авахаар, Хөрөнгийн биржийг УИХ-ын гишүүн Х.Баттулга авахаар  хэзээний тохиролцчихсон талаар жиргэж байна. Энэ хоёр хүнийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг өөрсдийн болгосон тухай мэдээлэл ч цацагдаж л байсан. Тэдний жиргээд байгаа батлагдахыг харах л бидэнд үлдэж байх шиг.

Энэ мэтээр Монголын улс төрийн шийдвэр хэдхэн олигархийн гарт, УИХ-ын гишүүдийн кнопны ихэнх нь тэдний эрх ашиг, ая данг хамгаалах шийдвэрт зориулагдан элэгдэх болж. Манай зарим улстөрч зөвхөн өөрийн эрх ашигт хамааралтай асуудлаа дугуйлж байгаад тэрхүү хуралдаандаа л орж ард түмний нэрээр гул барьдаг болсон гэнэ лээ.

25 жилийн өмнө намын гишүүн гээч айхтар нэр хүндтэй байлаа. Харин эсрэгээрээ наймаа хийдэг нэгнээ “панзчин” гэж ад үздэг байв. Хуучин юм ул болж шинэ юм зул болдог юм болохоор эдгээр үгний утга ч цагаа дагаад өөрчлөгдөж байна. Өнөөдөр шударгаар амьдралаа залгуулж яваа бизнес эрхлэгчид намчдыг үнэнгээсээ үзэн яддаг. Аргагүй. Зүв зүгээр явж байсан ажилд тэдний гар, хуруу оролцоод ирэхээр нь бүх зүйл утгаа алддаг. Харин намчид бизнесийнхэнтэй шударгаар өрсөлдөх чадваргүй болохоор шийдвэр гаргах түвшинд очоод бизнесийг нь хуулийн хүрээнд хүчээр булаан авдаг. Ингээд” намчин панзчин” гэсэн хос морьтнууд төрөх ажээ.

Улстөрч нэртэй намчин панзчингууд л Монголын бүх шийдвэрт нөлөөлж, хүссэнээ хуруугаа дохиод гаргадаг болжээ. УИХ-ын гишүүдийн саналаа өгөх товчлуур олигархиудын кноп болоод удлаа. Тэд үүнийгээ улам бүр баталгаажуулан албан тушаал, авлигын хэргээ өршөөлд хамруулах хууль гаргадаг болсон. Наймдугаар сард тавигдсан хоригийг өнөө хэр нь хэлэлцэхгүй, түүний эсэргүүцэн үхэн хатан хойшлуулж буй нь өөрсдөө утсан хүүхэлдэй болж, хурууг нь хэн удирддаг болсныг харуулаад байх шиг. Зарим нэг нь түүнийгээ хамгийн зөв алхам гээд итгэчихсэн хамгаалсаар байхаа амалчихсан яриа өгч яваа. Бидний эрх ашиг хаана байна вэ.

Олигархиудад өгсөн сонгогчийн буруу сонголт тэдэнд ийм боломж олгодог бол тэдний дарсан кноп улсыг сүйрүүлж, эдийн засгийн мөлхүүлэх аюултай. Үүнийг ч өнөөгийн үйл явц батлаж байна.

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна