"Африк тивийн хувьд томоохон нэр хүндийн хэрэг юм"

2015 оны 10 сарын 23

Туркийн Измир хотноо энэ сарын 25-31-нд даамын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөөх тулаан ОХУ-ын их мастер, дэлхийн долоон удаагийн аварга Александр Георгиев, Камеруны гроссмейстер, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Африк тивийн олон удаагийн аварга Жанмарк Нжофанг нарын хооронд болох билээ.

 

 

Дэлхийн аварга А.Георгиевын эсрэг тоглох халз тоглолтын талаар Камеруны иргэн, Олон улсын их мастер Жан Марк Нжофанг-тай Дарья Ткаченкогийн хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.


Олон шалтгааны улмаас хойшлоод байсан халз тоглолт ийнхүү болоход бэлэн болоод байна. Африкийн тамирчны хувьд халз тоглолтонд оролцоно гэдэг бол маш том амжилт гэж үзэх үндэстэй. Олон жилийн өмнө тус тивийн төлөөлөгч Баба Си энэхүү амжилтанд хүрсэн боловч харамсалтай нь халз тоглолт болоогүй өнгөрсөн юм. Ингээд түүнтэй даамын спортын замнал, амжилтын талаар ярилцлаа.

- Халз тоглолтын өмнөх сэтгэгдэл ямар байна даа, Жан Марк?

- Би дэлхийн аварга цолны төлөө анх удаа тоглох гэж байгаа болохоор, ямар байна гээч, анх удаа бэлэг авсан жаахан хүүхэд шиг мэдрэмж төрж байна. Хэдий тийм ч би бас өөрөөрөө бахархаж байгаа. Учир нь энэ түүхэн боломж олж авсан нь миний хувьд, манай Камерун улсын хувьд цаашлаад Африк тивийн хувьд томоохон нэр хүндийн хэрэг юм. Африк тивээс ердөө ганц удаа л Сенегалын Баба Си ийм амжилтанд хүрсэн, даанч халз тоглолт нь болоогүй юм. Харин би одоо энэ амжилтанд хүрлээ, юу гээч маш олон хүн миний оронд байх юм сан гэж хүсч байгаа шүү.

- Та дэлхийн аваргын тэмцээнд олон удаа тоглож байсан. Тэмцээн, халз тоглолт хоёр ямар ялгаатай гэж бодож байна?

- Би дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 7 удаа тогложээ. Тивийн аварга болсон тул анх 2001 онд Москвад тоглосон. Энэ тэмцээн нь даамын спортод мэргэжлийн тамирчин болох гараа болсон юм. Дэлхийн шилдгүүд оролцдог дэлхийн аваргын тэмцээнээс ялгаатай нь халз тоглолтонд хамгийн шилдэг 2 тамирчин тоглодог нь илүү нэр хүндтэй болгодог юм байна.

- Дөнгөж сая та Италийн нээлттэй тэмцээнд тоглолоо. Бэлтгэл хэр байна?

- Энэ тэмцээнийг зохион байгуулагчид намайг онцлон урьсан учраас тоглосон юм. Түүнээс биш миний сэтгэл санаа аль хэдийн Турк улсад очсон байна. Халз тоглолтын талаар бодоод байгаа юм уу, нойр муутай байх юм.

- Яаж яваад та даамтай холбогдов? Хэн таны анхны багш вэ?

- Камерунд даамыг хаа сайгүй тоглодог. Гудамж, дэлгүүрийн үүдэнд гэдэг ч юм уу, нэг утгаараа манай соёлын нэг хэсэг юм. Аав тоглодог байлаа, магадгүй тэндээс л миний сонирхлыг татсан байх. Хамгийн хачирхалтай нь намайг даамаар хичээллэхийг аав эрс эсэргүүцдэг байлаа. Хичээл сурлагад муугаар нөлөөлнө гээд, нэг удаа бүр хөлгийг маань эвдээд бусад хүмүүстэй даам тоглохыг хориглосон юм. (Түүнийг ийнхүү ярихад агуу шатарчин Бобби Фишерийн түүх санаанд буулаа. Б.Фишерийн ээж шатрыг нь цонхоор гаргаж чулуудсан ч тэрээр 12 настайдаа сургуулиа орхин, гэрээсээ явсан ба 1972 онд дэлхийн аварга болсон билээ) Аавыг ингэсний үр дүнд би даамыг харин ч улам хүчтэй сонирхох болсон билээ. Даамаас гадна хөлбөмбөгөөр хичээллэж байлаа.

- Та англи, франц хэлээр чөлөөтэй ярьж байна. Танай эх хэл ямар хэл вэ?

- Камерун бол хос хэлтэй улс юм. Манай албан ёсны хэл камерун хэл. Бамилике аялга бол миний төрөлх хэл юм. Сургуульд англи, франц хэлийг суурь боловсролд оруулан заадаг. Миний хувьд эдгээр хэлээс гадна Камеруны нийслэл Яунде-гийн их сургуульд олон улсын эрх зүйгээр сурч байхдаа испани хэлийг 5 жил судалсан.

- Саяхан болж өнгөрсөн дэлхийн даамын холбооны ерөнхий ассемблейн хуралдаанд та Камерун улсыг төлөөлөн оролцсон. Холбоондоо ямар нэгэн алба хашиж байна уу?

- Үгүй дээ, холбоондоо би зөвхөн тамирчин. Гэхдээ бас ерөнхийлөгчийн зөвлөх юм байна. Харин Африкийн даамын холбоонд гадаад харилцаа хариуцсан ерөнхий нарийн бичгийн дарга.

- Та зөвхөн өндөр зэрэглэлийн тамирчны хувьд тэмцээнд тоглохоос гадна олон хүнтэй зэрэг тоглох, хэвлэлийн хуралд оролцох зэргээр даамын спортыг сурталчлах, дэлгэрүүлэх чиглэлд их ажилладаг. Африкийн телевизийн нэвтрүүлэгт оролцож байгаа бичлэг интернэтэд байна лээ?

- Тиймээ, Африкийн хэвлэл мэдээлэл намайг сайн мэддэг. Гудманд хүртэл гарын үсэг авна, их бахархдаг. 2013 онд Уфад болсон дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль авахад Камеруны үндэсний телевиз нэг цаг хагасын нэвтрүүлэг бэлтгэж, бүтэн сайны орой гаргасан. Хэдэн зуун мянган хүн үзсэн байх. Түүнээс гадна би өөрөө их нээлттэй хүн шүү дээ. Хэнтэй ч ярилцана, даамаа сурталчилна шүү.

- Мэргэжлийн тамирчин гэдэг хэцүү ажил. Таныг тусгайлан ивээн тэтгэдэг хүмүүс байдаг уу?

- Би Голландын Амстердамын мэргэжлийн клубд тоглодог. 2001 онд мэргэжлийн тамирчин болох энэ саналыг Питер Хилдеринг тавьснаар түүний клубын нэр дээр тоглох болсон юм. Энэ хүний ачаар өнөөдрийн өндөр амжилтад хүрсэн гэж бодож байна.

- Голландын алдартай залуу даамчин Р.Бомстраг бүр хүүхэд байхад нь дэлхийн аварга болно гэж байлаа. Одоо тэрээр Европын аварга болсон, барианд ойртсоор л байна. Харин таны хувьд ямар нэгэн төлөвлөгөө байсан уу?

- Даамын спорт миний хувьд санамсаргүй зүйл болсон. Би ийм өндөр түвшинд тоглоно гэж огт төсөөлөөгүй. Харин амьдрал надад ийм боломж хайрласан юм. Тавилан заяагаараа амьдралын урсгалыг дагаад л явж байна, цаашид юу болохыг бас харж л байя. Миний хувьд урагш алхаж байгаадаа баяртай байна. Дахиад урагшаа алхах гээд үзнэ дээ. Ер нь урдчилан таамаглах дургүй. Ямар ч ажил хийсэн дуустал хийх хэрэгтэй гэсэн зарчим баримталдаг. Заримдаа би өөртөө асуулт тавьдаг юм. “Би ер нь зөв юмаар оролдоод байна уу?” гэж. Хариулт нь тэр дороо л орж ирнэ. Хэрэв даам байхгүй бол би ийм олон найз нөхөдтэй болж, ийм олон орноор явж чадахгүй байсан шүү гэж.

- Даамын спортоос өөр юу сонирхдог вэ? Таны дуртай ном?

- Би унших дуртай. Гэхдээ ном биш юм даа, мэдээллийн сэтгүүл, сонин. Зочид буудалд оронгуутаа хамгийн түрүүнд миний хийдэг ажил телевиз асааж, мэдээ үзэх. Мөн хөгжим сонсох, бүжиглэх, шинэ юм мэдэх сонирхолтой. Амьдрал бол зөвхөн даамын хөлгийн ард биш шүү дээ.

Орос хэлнээс хөрвүүлсэн Ч.Бат-Эрдэнэ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна