Өсвөрийн бөхчүүд Японд хамтарсан бэлтгэл хийнэ

2015 оны 10 сарын 23

Олимпийн 3 удаа, дэлхийн 13 удаагийн аварга, Японы домогт бөх Саори Ёшидагийн урилгаар чөлөөт бөхийн “Женко” клубын дасгалжуулагч, ДАШТ-ний мөнгөн медальт Б.Оюунсүрэнгийн удирдсан өсвөрийн 8-15 хүртэлх насны 12 бөх өчигдөр Япон улс руу хөлгийн жолоог заллаа.

Манай өсвөрийн бөхчүүд С.Ёшидагийн “Ichiji Junior” клубт хамтарсан бэлтгэл сургуулилт хийхээс гадна Ичижи хотод энэ оны арван нэгдүгээр сарын 1-ний өдөр болох С.Ёшидагийн нэрэмжит өсвөр үеийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцох юм. “Ichiji Junior” клубийн зүгээс манай өсвөрийн бөхчүүдийн байр, хоолны зардлыг хариуцаж байна.

Өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо болсон ДАШТ-ний үеэр “Женко” клубын удирдлага нэрт бөх С.Ёшидатай уулзалт хийх үедээ хамтарсан бэлтгэл сургуулилт хийх талаар хэлэлцсэн тохиролцсон нь ийнхүү биеллээ олжээ.

Чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн Японы бөхчүүдтэй нутаг дээр нь хамтарсан бэлтгэл сургуулилт хийж олон улсын тэмцээн оролцох болсон нь манай өсвөрийн тамирчдын хувьд ур чадвараа дээшлүүлэх, амжилтаа ахиулах, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Д.ӨЛГИЙСАЙХАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна