Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

2015 оны 10 сарын 23

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс маргаашнаас цас орж, цасан шуурга шуурахыг сэрэмжлүүлж байна. Энэ сарын хувьд тогтуун, дулаан байсан ч маргаашнаас хүйтэрнэ гэдгийг малчдад санууллаа.

Тодруулбал, маргааш баруун аймаг, нөгөөдөр баруун аймгийн зүүн хэсэгт, төв, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч болзошгүй юм байна. Харин 26-нд нутгийн зүүн хагаст, төв, зүүн аймгуудын зарим газраар их хэмжээний цас орох талаар сэрэмжлүүллээ.

Ялангуяа малчид, тариаланчдын зүгээс цаг агаарын мэдээллээ тогтмол авч сэрэмжтэй байхыг анхааруулсан юм. Учир нь сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаан байсан учраас гэнэтийн хүйтрэлтэд бэлтгэлтэй байх хэрэгтэйг сануулав.

Шилжилтийн улиралд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж амжаагүй малчид малаа салхинд уруудуулах, төөрөх, зам даваа хаагдах зэргээр хүндрэлтэй нөхцөл үүсдэг байна.

Энэ сарын 25-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар өдөртөө 3-8 градус,шөнөдөө 15-20 градус хүйтрэх төлөвтэй байна. Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 1-6 градус, шөнөдөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө гурван градус, шөнөдөө 7-12 градус хүйтрэх төлөвтэй байгаа аж.

Б.ЗАЯА

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна