Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөл хуралдлаа

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2015 оны аравдугаар сарын 16-ны Баасан гарагт боллоо.

Уг хурлаар ХМЗ-ийн III улирлын үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл, IV улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, дотоод зохион байгуулалтын зарим асуудал, мөн энэ хугацаанд зөвлөлд иргэдээс ирүүлсэн гомдол, тэдгээрийн шийдвэрлэлт, зэрэг асуудлыг хэлэлцэв.

ХМЗ-д хэвлэл мэдээллийн дөрвөн байгууллагад хаягласан гомдол ирснийг ХМЗ-ийн Ёс зүйн хороод хэлэлцэн шийдвэрлэж, олон нийтийн хэвлэл мэдээллээр мэдээлсэн байна. Гомдол гаргасан нийтлэл нэвтрүүлэг нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн нь тогтоогдсон ч мэдээллийг нягтлаагүй, дуулиан шуугиан болгохоо урьтал болгосон алдаанууд гаргасан байна. Тиймээс Ёс зүйн хороод тухайн хэвлэл мэдээллийн байгууллагуудад алдааг нь хэлж, мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйг баримтлан ажиллахыг зөвлөмж болгон хүргүүлж, олон нийтэд нэрийг нь энэ удаад зарлахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Ёс зүйн хороод гомдол хэлэлцэж шийдвэрлэсэн явцын байдлаас Гомдол барагдуулах журамд зарим нэг өөрчлөлт оруулах шаардлага гарсан тул хөдөө орон нутгийн гишүүдэд хүндэтгэх шалтгааны улмаас хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд хуралдаан болохоос өмнө бичгээр эсвэл хуралдаан болж байх үед утсаар санал өгөхийг зөвшөөрсөн зохицуулалт нэмэв. Мөн гомдлын талаар мэдээллийг хүргүүлснээс хойш тухайн хэвлэл мэдээллийн байгууллагаас хариу тайлбар хийх хугацааг Улаанбаатар хотын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд ажлын тав хоног, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд ажлын 10 хоногийн дотор болгож өөрчиллөө.

ХМЗ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн явцын талаар УЗ-ийн гишүүн Г.Гүнжидмаа, У.Тамир нар танилцуулж, гишүүд мэдээлэл, санал солилцлоо. Тухайлбал, ХБНГУ-ын Дойчи Велли Академийн тусламжтайгаар хэрэгжүүлж буй ХМЗ-ийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Ёс зүйн хорооны гишүүдэд зориулсан практик сургалтыг 11-р сарын сүүлчээр дахин үргэлжлүүлэхээр, энэ сургалтанд Зөвлөх Манфред Протцег дахин урихаар болсон байна.

ХМЗ-ийг үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны талаархи иргэдийн боловсролыг сайжруулах, хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалтын үйл ажиллагааны талаархи бүх нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж, энэ чиглэлээр тодорхой төсөл боловсруулж эхний ээлжинд олон улсын байгууллагуудад хандаж байгаа бөгөөд уг төслийг хэд хэдэн хэсэгт хувааж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эхний хэсэг болгож, ирэх арваннэгдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Фридрих Эвертийн сангийн тусламжаар Удирдах зөвлөлийн гишүүдтэй хамтран ХМЗ-ийн Пи Ар төлөвлөгөөг боловсруулах сургалт семинар, мөн хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Энэ төслийн үргэлжлэл болгон ХМЗ-ийн Пи Ар төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр дараачийн сургалт семинарыг Европын Аюулгүй байдал, Хамтын Ажиллагааны Газрын тусламжаар зохион байгуулах юм.

Түүнчлэн АНУ-ын ЭСЯ-наас Монгол Улсад ХМЗ байгуулагдсанд баяр хүргээд ХМЗ-ийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд тусламж үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн тул тодорхой санал боловсруулж, энэ асуудлаар ярилцаж, тохирох шаардлагатайг тэмдэглэв.

УЗ-ийн дарга Ч.Номин санаачлан олон улсын зарим байгууллагуудтай хамтран ажиллах талаар ярилцсан байгаа тул эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах асуудлаа тодорхойлох, дараачийн төслүүдийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар удирдамж, гарын авлага гаргах, сургалт зохион байгуулахад чиглүүлэх талаар удирдамж, зөвлөмжийг Ажлын албанд өглөө.

Түүнчлэн УЗ-ийн гишүүдийг ХМЗ-ийн үйл ажиллагааны өдөр тутмын зардлыг бүрдүүлэхэд өөр өөрсдийн хувь нэмэрээ оруулж, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх байгууллагуудтай холбоо тогтоох чиглэлээр санал санаачлага гарган ажиллахыг уриаллаа.

Энэ хурлаар УЗ-ийн дараагийн ээлжит хурлыг гишүүдийн саналыг Фэйсвүүк группээр авч, арванхоёрдугаар сарын 7-11-ний хооронд хийхээр товлов.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж