МОХ-ны ээлжит &#34жүжиг&#34

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

МОХ-ны ээлжит &#34жүжиг&#34

Монголын Оюутны холбоо /МОХ/-ны ерөнхийлөгч Д.Батбаяр өнөөдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг МОХ болон оюутнуудаас уучлалт гуйхыг шаардаж, хотын даргыг шүүхэд өгөхөө албан ёсоор мэдэгдлээ. Нийтийн тээврээр үнэгүй зорчих оюутнуудын эрхийг хотын удирдлагууд хязгаарлаж, тэдний суралцах эрхийг бүдүүлгээр зөрчлөө гэсэн тайлбарыг Д.Батбаяр хийлээ. Эргээд оюутнууд Д.Батбаяр даргаасаа нийтийн тээврийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжихийг мэдсээр байж, 64 мянган оюутнаас хөнгөлттэй зорчих 8900 төгрөгийн үнэтэй картын захиалгыг яагаад авав, төвлөрсөн 570 орчим сая төгрөг хаачив. Үнэхээр МОХ нийслэлийн Тээврийн газартай зөвшилцөж, салбарын сайдын тушаалаар дээрх захиалгыг хийсэн бол өнөөдөр өөр нэг төрлийн хөнгөлөлтийн картыг нийслэл яагаад оюутнуудад тараах болов. Нийслэлийн удирдлагуудын хийсэн тайлбараар МОХ дур мэдэн оюутнуудаас мөнгө авч, картны захиалга хийжээ. Гэхдээ өнөөдөр дээрх карт нь захиалга өгсөн 64 мянган оюутан бүрийн гарт очоогүй байх юм. Үүссэн асуудалд МОХ хууль, хяналтын байгууллагынхан бүгдийг тогтооно. Холбогдох хууль дүрэмд заасан хариуцлагаа хүлээхэд бэлэн байна гэсэн бөөрөнхий хариултыг өгсөн юм.

Оюутнуудаа нийтийн тээврээр хязгааргүй зорчуулахын төлөө энэ долоо хоногийн эхээр МОХ-ны ерөнхийлөгч, хэсэг нөхдийн хамт Чингисийн талбайд өлсгөлөн зарлаж, хотын даргыг огцрохыг шаардаж оюутнуудын гарын үсгийг цуглуулж суусан юм. Гэтэл энэ тэмцэлд нэг ч оюутан нэгдээгүйг эх сурвалжууд тодотгов. Тэгвэл МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр болон түүний нөхөд оюутангүй тэмцлийг яагаад хийв. Зорилго нь улс төртэй холбоотой байх вий гэсэн хардлага олон нийтэд байна. Зарим эх сурвалж МАН-ын захиалгаар дээрх үйлдлүүдийг МОХ хийж болзошгүй гэх.

Хууль, дүрмэндээ МОХ улс төржихгүй, ашиг хонжоо харахгүй зөвхөн оюутнуудын эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Гэтэл 2005 оноос хойш МОХ бүрэн утгаараа дүрмийнхээ дагуу ажиллаж чадаагүй гэж төрийн өмчит их дээд сургуулиудын оюутны холбоод үзэж эхэлжээ. Улмаар энэ сарын дундуур МОХ-ны ээлжит бус чуулганыг зохион байгуулж, Д.Батбаяр ерөнхийлөгчтэй оюутан биш ч, оюутны төлөө тэмцдэг ажлын албыг огцруулсан байна.

Ямартай ч 1995 оноос хойш оюутнуудын дуу хоолой болж, тэдний эрх ашгийн төлөө тэмцдэг МОХ өнөөдөр хүндхэн байдалд оржээ. Шинэ бүтэцтэй, шинэ удирдлагатай болгоно гэж оюутнууд чуулганаа хийж, жинхэнэ оюутан төлөөллүүдээ сонгосон ч, Д.Батбаяр ерөнхийлөгч болон түүний нөхөд бууж өгөхгүй шинжтэй. Үнэхээр МОХ-ны ерөнхийлөгчийн суудал эдийн засгийн өндөр өгөөжтэй юм болов уу? гэх хардах эрх сэтгүүлч  надад байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж