Карттай зорчигч дамжин суувал үнэгүй зорчино

2015 оны 10 сарын 24

-30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суувал нэг удаа үнэгүй байхаар баталсан байна. Сэлгэн суултын энэхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх юм-

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 6 дугаар хуралдаан өчигдөр (X.23) болж, тээврийн цахим төлбөрийн өрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталжээ. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажлыг эхлүүлж, нийтийн тээврийн төлбөрийн системийг цахим хэлбэрт шилжүүлснээс гадна нийтийн тээврийн чиглэлүүдийн давхцлыг арилгах, үйлчилгээг сайжруулах зорилгоор шинэ сүлжээ төлөвлөлт хийсэн юм. Шинэчилсэн төлөвлөлтөөр маршрутын 30 орчим хувийг өөрчилсөн байна. Үүнд, шинэчилсэн төлөвлөлтөөр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 75 чиглэлд 1015 тээврийнх эрэгсэл, үүнээс 18 угсраа, 40 троллейбус, 918 их, 39 дунд багтаамжийн автобус үйлчилж байгаа юм байна. Эдгээр тээврийн хэрэгслийн төрөл тус бүрээр машин цагийн нэгж зардлыг тооцоолсон байна. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас машин цагийн нэгж зардлыг угсраа автобусыг 39731 төгрөг, автобусыг 32 933 төгрөг, троллейбусыг 24 425 төгрөг, дунд багтаамжийн автобусыг 33 377 төгрөг байхаар баталжээ.


Мөн 30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суувал нэг удаа үнэгүй байхаар баталсан байна. Сэлгэн суултын энэхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх юм. Үүнийг хэрэгжүүлэхэд салбарын алдагдал 2,1 тэрбум төгрөг болж, 2015 онд 20,3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.  Нийслэлийн төсөвт учрах хүндрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд зохих тооны шалгагч ажиллуулж, шугамын орлого төвлөрүүлэлт, үйлчилгээний чанарт хяналт тавих, одоо ажиллаж байгаа автобусны тоог 10 хувиар бууруулж үйл ажиллагааны орлого, зардлыг төсөөлж үзэхэд жилдээ нийт 88,7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж 132,4 тэрбумын зардалтай ажиллах тооцоо гарсныг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна