УИХ-ын “тал еэвэн”

2015 оны 10 сарын 26

Сэтгүүлч:
Ж.Нямсүрэн

Намрын налгар өдрүүд цаашилж, өвлийн сэрүүн орсныг өчигдөр байгаль дэлхий зарлав. Өнөөдрөөс яг хоёр сар, хоёр долоо өмнө УИХ-аас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталснаар энэ хууль нийгэмд багагүй шүүмжлэл дагуулаад байгаа шигээ мөн тийм хэмжээний хүлээлт үүсгээд байна. Харамсалтай нь, хөхөөн дуунаар  эхэлсэн энэ асуудал  хүйтэн намрын халуун сэдэв болсон хэвээр.  

Өнгөрөгч долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцээгүй юм.

Хуулийн төслөөр МАН болон “Шударга ёс” нэг, нэг удаа завсарлага авсан, иймээс УИХ улаан цайм хуулиа зөрчихгүй юм бол  хүссэн ч, эс хүссэн ч эл асуудлыг энэ долоо хоногт эцэслэхээс өөр аргагүй болсон гэсэн үг.

Утсаар ирсэн даалгаврын дагуу “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Д.Тэрбишдавгын авсан ажлын тав хоногийн завсарлага уг нь өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт дууссан ч УИХ-ын дарга ямар ч шалтгаангүйгээр завсарлагыг үргэлжлүүлсэн нь Ардчилсан нам авлигачдаа өршөөх гэж арга, чаргаа барж байна гэсэн хардлагыг улам үнэмшилтэй харагдуулж байна. 

Ардчиллын 25 жилийн ойд гэх “гоё“ малгай өмсүүлэн баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд авлига, албан тушаалын хэрэгтнүүдээ өршөөхөөр ичиж, эмээхгүй зүтгэж байгаа эрх баригч намынхны хэн, хэн бэ гэдгийг энэ долоо хоногт харах хэрэгтэй. Өршөөл үзүүлэх хуулийн дагуу анх удаа болон өндөр настай эмэгтэй, хүүхэд гаргасан эмэгтэйчүүд зэрэг 1700 хэрэгтэн өршөөлөөр суллагдана. Тэднийг өршөөх нэрийн дор  90 тэрбумын авлигын хэрэгт холбогдсон 116 хэрэгтнийг  хэргийг цайруулахаар улстөрчид улайрч байна. Яг л нөгөө “гуя дагуулж хүзүү” гэдэг шиг.

Эдийн засгийн өршөөл гэсэн эхний зорилгоос нь 360 градус эргэж, өргөн барьсан сайд нь хүртэл  танихаа больтол өөрчлөгдсөн Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  хэлэлцэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу зүйл, заалт бүрээр нь санал хураахаар болсон. Өөрөөр хэлбэл, 11 зүйл, заалт бүрээр санал хураахдаа чуулганы хуралдааныг нээлттэй байлгах ёстой.

Ичиж, эмээхгүйгээр  авлига, албан тушаалын хэргийг өршөөхөөр зүтгэж байгаа Р.Гончигдорж, З.Баянсэлэнгэ, Д.Тэрбишдавга  нарын хүмүүс  бол тэртээ, тэргүй цайрчихсан гарууд. Харин наанаа авлигачдыг өршөөхгүй гэж твиттер хуудас, сонин хэвлэлээр ярьж, мэдэгдэж  байгаа "шударгуу" улстөрчид, МАН-ынхан ямархуу дүр төрх гаргахыг харах боломжийг иргэддээ олгох ёстой. Учир нь, улстөрчид Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхдээ кинонд гардагчлан “тал еэвэн”-гийн асуудал шиг хандах гээд байгаа болохоор уг асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдааныг нээлттэй үлдээхийг олон нийт хүсч буй юм. Монголчуудын сайн мэдэх “Зэрэг нэмэх”-ийн өмнө кинонд “Тал еэвэн нь хаана байна” гэсэн ноёныхоо асуултад  Боролдой, Долдой хоёр “тал еэвэн нь энэ байна” гээд эргүүлж тойруулж харуулаад байдаг даа. 

Улс төрд өрнөж байгаа үйл явдлыг харахад нэг иймэрхүү заль гаргах гээд л Өршөөлийн хуульд үзүүлэх нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр УИХ багагүй цаг аваад, авлига, албан тушаалтны хэргүүдийг яаж өршөөх вэ гэж тархиа гашилгаад удаж байна шүү дээ. Ялангуяа "Шонхор"-ынхон Өршөөлийн хууль дээр шонхордох нь гэсэн хардлага төрүүлж,  улстөр, эдийн засгийн хүрээнийхэн дунд ийм хардлага бий болоод удаж байна.  Тиймээс энэ удаад З.Энхболд дарга Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх пүрэв гаригийн хуралдаанаа өөрөө даргалахаас өөр аргагүй болж байгаа юм.

Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах тусам эргээд тун төвөгтэй, эргэлзээтэй байдал үүсч магадгүй байна.  Хууль батлах хугацаа хойшлох тусам, чирэгдэл зардал нэмэгдэж, хөрөнгө мөнгөний хувьд ч хүндрэл учирч болзошгүй байгаа билээ. Шалтгаан нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд суллагдах 1700 хүнийг орон нутагт нь хүргэх зардлыг Засгийн газар болон салбарын яам даах учиртай. Гэтэл цаг агаар хүйтрэх тусам өршөөлд хамрагсдыг орон нутагт нь  хүргэж, хүлээлгэж өгөхөд төсөвлөсөн өнөөх 155 сая төгрөг нь ч дутаж магадгүй байна. Улстөрчид уг мөнгийг нь гаргаж өгөхгүйгээс хойш авлигачдаа өршөөх гэж ард нь байгаа 1700 хүнийг хүлээлтээр чангалж болохгүй биз дээ.     

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна