“Олон улсын хэмжээнд зохион байгуулах боломж бий”

2015 оны 10 сарын 26

 

-Одоогоос 35 жилийн өмнөх УАШТ-ээс 16 настай хүү анхны медаль аваад зогсож байсан бол өнөөдөр багшийнхаа алдар гавьяаг олон нийтэд таниулж байгаад баяртай байна-

Хүндийн өргөлтийн спортын мастер, нэрт дасгалжуулагч, ахмад тамирчин Рияны Даривханы нэрэмжит залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймагт аравдугаар сарын 12-14-ний өдрүүдэд боллоо. Тэмцээний үеэр тус аймгийн хүндийн өргөлтийн холбооны тэргүүн Б.НУРЛАНТАЙ ярилцлаа.

-Р.Даривхан багш дээр та хэдэн онд очиж байсан бэ? Эндээс яриагаа эхлэх үү?

-Хүндийн өргөлтийн спортын үндэс суурийг Баян-Өлгий аймагт тавьсан хүн бол Р.Даривхан багш юм. Багш маань 1960-70-аад оны үед Монгол Улсын дээд амжилтыг олон удаа тогтоож, улсын аварга болж байсан нэрт туйваанч. Би багш дээрээ 1979 онд очиж, штанк өргөмөөр байна гэж хэлснээр шавь нь болж байсан түүхтэй. Ингэж л би энэ хүний шавь болж, хүндийн өргөлтийн спортоор олон жил хичээллэсэн мөн олон шавьтай боллоо. Энэ онд багшийн маань 75 насны ой тохиож байна. Шавийнх нь хувьд багшийнхаа нэрэмжит тэмцээнийг хийхсэн гэж их бодож байлаа. Тэгээд гурван жилийн өмнө аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнерт энэ санаагаа хэлсэн удаатай. Тэртээ 1980 онд анх удаа Өлгий суманд болж байсан хүндийн өргөлтийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 35 жилийн дараа дахин боллоо. Одоогоос 35 жилийн өмнө манай аймагт энэхүү тэмцээн болоход Р.Даривхан багшийн маань шавь нар гялалзсан амжилтыг үзүүлж, багаараа түрүүлж байсан түүхтэй. Тэр тэмцээнд би оролцож мөнгөн медаль авч байсан юм. Өнөөдөр эргээд харахад 35 жилийн тэмцээн зохион байгуулах ажилд ороод явж байх нь сайхан байна.

-Улаанбаатар хотоос алслагдсан 1670 км-ыг зорин олон тамирчид Баян-Өлгий аймагт ирлээ. Өрсөлдөөн дүүрэн байсан энэ тэмцээнд багаараа гуравдугаар байр эзэлсэн. Та бүхэн зорилгодоо хүрсэн үү?

-Эхний ээлжинд бид энэхүү тэмцээний эрхийг Монголын хүндийн өргөлтийн холбооноос авна гэдэг чухал байлаа. Магадгүй сүүлийн жилүүдэд манай аймгийн амжилт буурсан ч гэсэн бидэнд энэ эрхийг өгсөнд баярлаж байна. Тиймээс багшийнхаа нэрэмжит болгож, энэ хүний гавьяаг олон нийтэд таниулья гэдэг үүднээс тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Мэдээж үүнд Монголын хүндийн өргөлтийн холбоо, аймгийн удирдлагууд гээд маш ихээр тусалж, дэмжсэн олон бий. Энэ удаагийн тэмцээнд алслагдсан ч гэлээ аймгийг минь зориод ирсэн багш, тамирчдад талархаж байгаагаа хэлмээр байна. Бидний хувьд багийн дүнгээр эхний гурван байрт орох зорилго тавьсан. Тэмцээнд Улаанбаатар хот болон бусад аймгаас хүчтэй багууд олон байсан болохоор гуравдугаар байр бол хангалттай гэж үзэж байна. Харин тэмцээний турш харж байхад манай залуучуудын эмэгтэй шигшээ багийн тамирчдын амжилт өндөр болсныг харлаа. 16, 17, 18 настай охидууд эгч нарынхаа үзүүлж байсан амжилтыг эвдэж рекорд тогтоож байгаа нь шинэ үе түрэн гарч ирж байгааг хараад талархаж сууна. Эдгээр туйваанчдаас олимп, дэлхийн медальтнууд төрнө гэдэгт итгэлтэй байна. Спорт үе үеэрээ байдаг. Ч.Даваадорж, Э.Хосбаяр, Сэлэнгэбаатар, Баттулга, улсын шүүгч О.Ганболд гээд дараагийн үе гарч ирээд энэ спортыг хөгжүүлэх гэж яваад баяртай байна.

Р.Даривхан багш гэргийн хамт.

 

-Таны амжилтыг сонирхмоор байна. Анхны тэмцээн таныг энэ спортод оруулсан гэж сонслоо?

-Би Р.Даривхан багш дээрээ 15 настайдаа очиж байлаа. Ах, эгч нар маань спортоор хичээллэдэг байсан болохоор надад хүндийн өргөлтийн спорт илүү ойр байсан байх. Эгч маань теннис, волейбол тоглож, УАШТ-д оролцдог бол ах нар хүндийн өргөлтийн спортоор хичээллэнэ. Энэ бүгдийг хараад би спортод дуртай болсон доо. Талийгаач том ах Елеусиг УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, ах Бэхмурат спортын дэд мастер болж байсан. Би 1979 онд багш дээрээ очиж, штанк өргөснөөс хойш дараа жил нь аймагтаа болсон залуучуудын УАШТ-д 48 кг-д оролцож, нийлбэр дүнгээр мөнгөн медаль авч байсан. Эндээс их урам, зориг авч тууштай хичээллэх сонирхолтой болсон юм. Одоогоос 35 жилийн өмнө тэр тэмцээнээс медаль аваад зогсож байсан бол өнөөдөр багшийнхаа алдар гавьяаг олон нийтэд таниулж байгаад баяртай байна.

Тэмцээний турш харж байхад манай залуучуудын эмэгтэй шигшээ багийн тамирчдын амжилт өндөр болсныг харлаа. 16, 17, 18 настай охидууд эгч нарынхаа үзүүлж байсан амжилтыг эвдэж рекорд тогтоож байгаа нь шинэ үе түрэн гарч ирж байгааг хараад талархаж сууна. Эдгээр туйваанчдаас олимп, дэлхийн медальтнууд төрнө гэдэгт итгэлтэй байна. Спорт үе үеэрээ байдаг. Ч.Даваадорж, Э.Хосбаяр, Сэлэнгэбаатар, Баттулга, улсын шүүгч О.Ганболд гээд дараагийн үе гарч ирээд энэ спортыг хөгжүүлэх гэж яваад баяртай байна.

-Баян-Өлгий аймгийн баг тамирчдын амжилт Т.Даривхан багшийн хөдөлмөртэй зайлшгүй холбоотой юм байна. Мөн залуучуудын УАШТ-д багийн дүнгээр 1980, 1981 онд дараалан түрүүлжээ.

-Бидний үед өрсөлдөөн их байлаа. УАШТ-ээс медаль авна гэдэг бол үнэхээр хэцүү байсан. Аймагтаа болсон тэмцээнээс мөнгөн медаль авсан хүн Улаанбаатар хот руу нилээн том юм бодож очсон. 1981 оны залуучуудын УАШТ-д би жин өгсөж, 56 кг-д шагналт байранд орж байсан юм. Т.Даривхан багш маань энэ удаа багаараа дахин түрүүлж, хошой аварга болж байсан түүхтэй. Миний хувьд энэ тэмцээнээс медальгүй буцаж байсан ч буцах замд их зүйл бодогдож байлаа. Тэгээд бэлтгэлээ сайн хийж, дараа жил нь зорилгоо биелүүлж, улсын аварга болж байсан. 1982 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт болсон. Энэ тэмцээний 56 кг-ын жинд огцом, түлхэлт, нийлбэрээр түрүүлж улсын аварга болохдоо улсын рекордыг хоёр удаа шинэчилсэн. Огцом өргөлтөөр хожим Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан асан н.Гансүх багшийн рекорд 87 кг-ыг 93 кг болгож, түлхэлттэй өргөлтөөр 113 кг-ыг өргөж улсын рекордыг шинэчилсэн түүхтэй. Энэ тэмцээн намайг улсын шигшээ багт дуудахад хүргэсэн дээ.

-Улсын шигшээ багийн тамирчин болсны хувьд амжилт улам ахисан байх. Бас дээд сургуулийн оюутан болсон жил ачаалал их байж?

-1983 онд аравдугаар ангиа дүүргээд УБДС (тухайн үеийн, одоогийн МУБИС)-ийн  биеийн тамирын багшийн ангийн оюутан болсон. Оюутан болсон жил намайг улсын шигшээ багийн залуучуудын II багт авч байсан. Улсын аварга, улсын рекорд амжилтыг эзэмшиж байгаагийн хувьд нэр төрийн хэрэг байлаа. 1983 оны залуучуудын УАШТ-д огцом, түлхэлт, нийлбэрээр түрүүлэн аварга цолоо хамгаалж байсан. Тэгээд 1984 онд мөнгө, 1985 онд алт, 1987 оны бүх ард түмний спартикадад мөнгөн медаль авсан. Спартикадаас медаль авдаг жилээ сургуулиа төгсөж, Баян-Өлгий аймагт томилогдон ирсэн дээ.

-Тухайн үеийн улсын шигшээ багийн амжилт өндөр байсан гэж сонслоо. Харин тэмцээн, уралдаанд явах нь бага байж?

-Би Улсын шигшээ багт байхдаа Гансүх багшийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг байлаа. Тухайн үед бидний амжилт өндөр байсан. Ази, дэлхийн аваргад оролцож байгаа тамирчдын амжилтыг харж байхад бид явсан бол медальтай ирэх байж гэж багштайгаа ярьж суудаг байлаа. Тэр үед улсаас зардал, мөнгөний асуудал байгаад биднийг явуулдаггүй байсан байх.

-1990 оны Ардчиллын шуурганд сургуулиа орхиж, спортын салбараас хөндийрөхөд ямар байсан бэ. Тухайн үед ийм сонголтыг олон хүн хийсэн шүү дээ?

-Дээд сургуулиа төгсөж ирээд Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллах томилолт аваад ирж байсан. Сургуульд багшлахын хажуугаар бэлтгэлээ хийж, хүүхдүүдээ тэмцээнд бэлтгэдэг байлаа. Шавь нараас маань УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль авч спортын мастер цолыг авсан хүн олон бий. Миний бие 1988 оны насанд хүрэгчдийн УАШТ-д мөнгө, 1989 онд хүрэл медаль авсан. Тэгээд 1990 оны ардчилалын их давалгаанд дунд сургуулийн багшийн ажлаа орхиж, бусдын адил бизнесийн салбарт хүч үзэж эхэлсэн. Тухайн үед сонголт тийм байсан болохоор яаж ч чадаагүй юм. Миний бие тэр цагаас хойш спортоос хөндийрч бизнесийн салбарт ажиллаж өдийг хүрлээ. Одоо барилгын компанитай. Хэдийгээр спортоос хөндийрсөн ч гэлээ тамирчин, багш явсан хүний хувьд энэ спортыг хаяж чадахгүй юм билээ. Сүүлийн жилүүдэд аймгийнхаа баг тамирчдыг тэмцээн, уралдаанд явахад өөрийнхөө хэмжээнд санхүүгийн тусламж үзүүлдэг. Манай топ спортын төрлүүд хүчтэй хөгжиж ирлээ. Түүний хажуугаар ч хүндийн өргөлтийн спорт ч өндөр хөгжих боломжтой нь харагдаж байна. Тиймээс багшийнхаа гавьяаг олон нийтэд таниулья, энэ спортод хүүхэд, залуучуудыг дуртай болгоё гэдэг үүднээс аймагтаа хүндийн өргөлтийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэл минь биелэлээ. Энэ удаагийн тэмцээн бидэнд ихээхэн туршлага болсон. Дараа дараагийн тэмцээн уралдааныг хийхэд бидэнд Олон улсын хэмжээнд зохион байгуулах боломж байна.

 -Таны хүүхдүүдээс спортод дуртай хүн байна уу?

-Би гурван хүүтэй. Дунд хүү Мустахан үндэсний бөхөөр барилдаж байна. Энэ жил Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан боллоо. Хүү маань үндэсний бөхөөс гадна жүдо, самбо бөхийн спортоор хичээллэж байна. Одоо “Алдар” спорт хороонд харьяалагддаг. 1990-ээд оны үед өөрийн эрхгүй спортыг орхиж явсан ч өнөөдөр хүү минь спортын замналыг минь үргэлжлүүлж байгаад баяртай байдгийн.

-Казахстан улсын хүндийн өргөлтийн холбоо спортын өндөр түвшинд ажиллаж байна. Энэ удаагийн тэмцэээний үеэр таны шавь Т.Мендихан ирлээ. Цаашид хоёр орны тамирчид туршлага солилцох боломж нээлттэй болж байгаа гэж ойлгож болох уу?

-Хүндийн өргөлтийн спортоор Олимп, дэлхий, азийн аварга тамирчид Казахстан улсад олон төрж байна. Баян-Өлгийд төрж өссөн тамирчид тус улсад очиж, бэлтгэл сургуулилт хийж өндөр амжилт гаргаж байна. Хамгийн сүүлд гэхэд Өлгийд төрж, өссөн Ермек Азийн аварга боллоо. Казахстан улсын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, одоо тус улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Т.Мендихан ирээд явлаа. Тэр Баян-Өлгий аймагт төрж, МУБИС-ийн биеийн тамирын ангийг төгссөн хүн. Шавь маань энд ирж, багшийн нэрэмжит тэмцээнийг үзэж сонирхлоо. Бидэнд ярилцсан зүйл их бий. Манай баг тамирчид удахгүй Казахстан улсын тамирчдын туршлагаас судлах боломж гарна гэдэгт итгэлтэй байна.

Ч.БОЛОРЧУЛУУН 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна