Польшид Качиньскийн нам ялж байна

2015 оны 10 сарын 26

«Эрх зүй ба шударга ёс»  намын лидер Ярослав Качиньский

 

Фото: Pawel Kopczynski / Reuters

 

Ням гаригт явагдсан Польшийн Сеймын (парламент) сонгуульд экс ерөнхий сайд Ярослав Качиньскийн “Эрх зүй ба шударга ёс” нам ялж байна. Эксит-полын мэдээний дагуу энэ консерватив нам дангаараа Засгийн газар байгуулах ажээ.

 

Качиньскийн намын төлөө сонгогчдын 39,1 хувь санал өгсөн бол ерөнхий сайд Эва Копачийн “Иргэний байр суурь” нам 23,4 хувийн саналаар орлоо. Рок-хөгжимчин Павел Кукизийн Kukiz'15 нам 9 хувийн санал авч гуравт жагсжээ.

 

Хууль тогтоох байгууллагад Рышард Петрагийн шинэ либерал «Орчин үеийн Польш» нам 7,1 хувийн саналтайгаар, Януш Пехочиньскийн Польшийн тариачны нам 5,2 хувийн саналтайгаар тус тус орж ирэв. Бусад намууд нь сонгуулийн босгыг давсангүй.

 

Хэрэв олон нийтийн санал асуулгын дүн батлагдах юм бол Качиньскийн нам 460 суудалтай парламентад 242 суудал авна. Сонгогчдын оролцоо 51,6 хувьтай байсан байна. Сонгуулийн албан ёсны дүнг мягмар гаригт зарлана.

 

Ерөнхий сайд Ева Копач өөрийн өрсөлдөгч нарт баяр хүргэсэн байна. Ялагчдын штабт Ярослав Качиньский үг хэлэхдээ ерөнхий сайдын тушаалд Беата Шидло гэдэг эмэгтэйг дэвшүүлнэ гэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна