Цэргийн штабынхан номын дуу сонсов

2015 оны 10 сарын 23

 

Батлан хамгаалах салбарын хэмжээнд офицеруудын түвшин тогтоох шалгалт авч байна. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу энэ сарын 20-23-ны өдрүүдэд аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын удирдлага, тоо бүртгэлийн офицеруудаас төвшин тогтоох үзлэгийг зохион байгуулав. 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн цэргийн штабын офицерууд эхний өдөр тактик, тусгай тактик, гадаад хэлний бэлтгэл, оюуны чадавхийн төвшин, галын бэлтгэл, биеийн тамирын шалгалтууд өгсөн юм. Харин сургалтын сүүлийн өдөр нь БХЯ-ны СБТГ-ын газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба УИХ-аар саяхан эцэслэн баталсан "Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс"-ийн онцлог, баримт бичгийг дагалдаад өөрчлөлт шинэлчлэл орох салбарын зарим хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан бүрэлдэхүүнд Орон нутгийн засаг захиргааны байгууллагатай сайн хамтран ажиллаж байх тухай, ажлын бүтээмжээ дээшлүүлж бүтээлч, хөдөлмөрч байх тухай ярьж, тэдний ажлаа гүйцэтгэхэд учирч буй саад бэрхшээлийг нь сонссон юм. Зарим аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын удирдлагуудын зүгээс бүтэц орон тоог хуульд заасны дагуу бүрдүүлэх хүсэлтийг тавьсан бол, зарим нь ажил гүйцэтгэхэд автомашин дутагдалтай байгаа, орон нутагт ажиллаж байгаа офицеруудынхаа нийгмийн асуудлыг анхааралдаа авахыг хүсч байсан юм.