УИХ-ын Тамгын газрын ажилтнууд "Цэрэг-стратегийн сургалт"-д хамрагдлаа

2015 оны 10 сарын 26

 

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас төрийн байгууллагын ажилтнуудын дунд Цэрэг-стратегийн сургалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Дайчилгааны тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайдууд, аймгийн Засаг дарга нар хэмээн хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн удирдлагуудыг тус бүрт нь Цэрэг-стратегийн сургалтад хамруулж байсан юм. Үүний буухай болгож өнгөрсөн бямба гаригт УИХ-ын Тамгын газрын 50 гаруй ажилтанд Цэрэг-стратегийн сургалт явуулж батлан хамгаалах салбар дахь эрх зүйн шинэчлэл, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа тухай мэдээлэл өглөө. УИХ-ын байнгын хороодын ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын алба гэсэн бүрэлдэхүүн оролцсон сургалт Зэвсэгт хүчний Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төвд болсон бөгөөд гурван үе шаттайгаар үргэлжилсэн юм. Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа нь батлан хамгаалах, зэвсэгт хүчний бодлоготой холбоотой онолын сургалт болсон бол эцэст нь зэвсэглэл техниктэй танилцах практик дадлага гэсэн гурван үе шаттайгаар өрнөв.

 

 

Батлан хамгаалах, зэвсэгт хүчний бодлоготой холбоотой сургалтаар БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр "Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, эрх зүйн орчны шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд" сэдвээр мэдээлэл өгсөн. Тэрээр Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын баримт бичгээ батлуулж чадлаа. 2009 оноос хойш эрдэмтэн судлаачид, батлан хамгаалах салбарынхан судалгаа шинжилгээ хийж, үе шаттайгаар ажиллаж энэ төслийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тухай, баримт бичгийн төслийн онцлогын тухай мэдээлэл өгсөн. Мөн тэрээр энэ баримт бичгийг дагалдаад батлан хамгаалах салбарын хэд, хэдэн хуульд өөрчлөлт шинэчлэл оруулах шаардлага байгаа тухай онцолсон юм. "УИХ-ын гишүүд буюу хууль тогтоогчид өнгөрсөн жил түүхэндээ анх удаа хугацаат цэргийнхээ хувцасны төсвийг танасан. Та бүхэн өөрсдийнхөө боломжоор зохицуул" гэдэг шаардлагыг тавьсан. Хэдийгээр батлан хамгаалах салбарын зүгээс энэ асуудлаа зохицуулж чадсан ч хожим буруу зүйлийн эхлэл байх вий гэдэгт эмээж байна. Цэрэг эр гэдэг бол төрийн маш чухал эд эс нь. Тэднийг хувцаслаж, хооллож, магадгүй аюул заналхийлэл ирэх тохиолдолд ашиглах ёстой. Энэ утгаар нь эр цэрэгтээ хандах байх гэж найдаж байна. Нөгөө талаар батлан хамгаалах, зэвсэгт хүчний шинэчлэл ярихаар төсөв мөнгөтэй холбож таарамгүй байгаа юм" гэсэн юм. Түүний дараа ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар "Зэвсэгт хүчний шинэчлэл, өнөө ба ирээдүй" гэсэн сэдвээр сургалтад оролцогчдод сонирхолтой лекц уншиж харилцан ярилцсан бол БХЯ-ын Гадаад хамтын ажиллагааны дарга, бригадын генерал Ч.Сосорбарам "Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны тухай" ярьж өгөв. Тэрээр энэ жил батлан хамгаалах салбарт гадаад хамтын ажиллагаа өндөр байсан, гадаадын тусламж дэмжлэгийн хувь хэмжээ ч нэмэгдэж байгаа талаар онцолсон. Тухайлбал, 2015 оны хувьд батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа өндөр төвшинд хөгжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу, Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа, Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Элчин сайд Александр Вершбоу, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань тэргүүтэй төлөөлөгчид айлчилж батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд ахиц авчирсан он жил болж байна гэв. Үүний дараа сургалтад оролцогчид зэвсэгт хүчний техник зэвсэглэлтэй танилцсан юм. Сургалтад оролцогчдоос сэтгэгдлийг нь сонирхов.

 

УИХ-ын Тамгын газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Ширэндэв:

 

 

-УИХ-ын Тамгын газар гэдэг баталсан хуулийг хянаж гаргаж гал тогоо юм. Тэр утгаараа батлан хамгаалах салбарын хууль тогтоомж ямар төвшинд байгааг бид бүхэн гадарлаж байна. Юуны өмнө "Монгол Улсын батлан хамгаалах төрийн бодлого" баримт бичгээ батлуулж чадлаа. Цаашид шинэчилж батлуулах олон хуулийн төсөл хүлээлэгдэж байгааг сургалтаар ойлгож авлаа. Энэ асуудалд манай байнгын хороодын ажлын алба идэвх, зүтгэлтэй ажиллах учиртай. Өнөөдрийн сургалт Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд болж байгаараа онцлог юм.

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ш.Хишигсүрэн:

 

 

-УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын хувьд урьд нь Цэрэг-стратегийн сургалтад хамрагдаж байсан. Харин сүүлийн жилүүдэд тасалдаад байсан учраас өнөөдөр дахин сэргээж батлан хамгаалах, зэвсэгт хүчний бодлогын талаар ойлголт, мэдээлэл өгч байна. Сургалтаар манай залуус энэ салбарыг илүүтэй ойлгож байх шиг байна. Энэ нь сургалтын гол үр дүн юм даа.

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажилтан Б.Ууганцэцэг:

 

 

-Батлан хамгаалах салбарын тулгамдаж буй асуудлыг сонслоо. Төр, засгийн зүгээс тусгайлан дэмжиж ажиллах ёстой гэдгийг нь ойлгож авлаа. Миний хувьд Монголын Зэвсэгт хүчин гэхээр нэг л хийморлог сайхан залуустай газар гэж ойлгодог байсан маань үнэн юм гэдгээ өнөөдөр бататгалаа. Монголын цэрэг эрс дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж байгаа сайхан үлгэр залууст өгч байгаа энэ үед хүүгээ том болохоор цэргийн алба хаагч болгоно доо гэж бодож байгаа шүү.