Туркийн загасчид ой зургаан сартай хүүг аварчээ

2015 оны 10 сарын 26

 

Туркийн загасчид тэнгист хөвж явсан ой зургаан сартай цагаач хүүг олж, амийг нь аварсан нь дэлхий дахины хайр бахдалыг төрүүлж байна. Загасчид тэнгист хөвж байсан хүүг тэнгисийн уснаас татаж гаргасныхаа дараа уушигнаас нь усыг гаргаж, дулаан хучлагаар ороож дулаацуулсан байна. Үүний дараа загасчдын нэг нь “Ах минь хүү амьд байна, тэр амьд байна. Бурхан минь хүү амьд байна” хэмээн догдолсон дуугаар хашгирах шахам ярьж байгаа нь бичигджээ. Өдгөө хүүг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэнэ. Амь аврагдсан азтай хүүг Мухаммед хэмээн нэрлэх болжээ.

 

Өмнө нь Туркийн Кушадасы хотын эргийн ойролцоо Эгейн тэнгист цагаачдын завь осолдсон тухай “Dogan” мэдээллийн агентлагт мэдээлсэн аж. Түүнчлэн Туркийн загасчид өөр 15 хүнийг тэнгисээс аварч гаргасан байна.

 

 

Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард дөрвөн настай Аялан гэх сири хүүгийн цогцос Туркийн эргээс олдсон нь дэлхий дахиныг харуусал, уй гашууд автуулсан юм. Олон улсын цагаачлалын байгууллагаас мэдээлснээр энэ онд 680 мянга гаруй тэнгисийг гатлан Европ руу ирсэн боловч 3200 орчим хүн замдаа осолдож амиа алджээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна