Я.Содбаатар: Оны сүүлчээр төсөвт дахиад тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй

2015 оны 10 сарын 26

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

 


 

-Чуулганы хуралдаанаар 2016 оны төсвийн төсөл, энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Ирэх оны төсөвт алдагдлыг 3.3, 2017 оноос тэг хувьтай байхаар оруулж ирсэн. Харин танай намын хувьд ирэх оноос эхлээд төсвийн алдагдлыг тэг хувьтай байлгах санаачилга гаргаад байгаа. Алдагдлыг бууруулах боломж хэр байна гэж харж байгаа юм бэ?

 

-Энэ оны төсвийн тодотголоос эхлүүлээд алдагдлыг бууруулах, хэмнэлтийн горимд ажиллах шаардлагатай байна гэж бид үзэж байгаа. Тийм учраас Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголыг батлахдаа алдагдлыг хоёр хувь болгооч. Ирэх оноос төсвийн алдагдлыг тэглээч гэдэг саналыг тавьж байгаа юм. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд гурван арга хэмжээ авах ёстой. Нэгдүгээрт, төрийн захиргааны салбарт хийж буй цомхотгол, реформоо хүчтэй хийх. Улмаар 2012 оноос хойш ажилд авсан 30-аад мянган ажилтнаа цомхотгож, төрийн захиргааны албан хаагчдын тоог тухайн оны төвшинд хүргэхийг шаардсан. Гэтэл эд нар 30 биш гурван мянгыг цомхотгох юм яриад байх юм. 2012 онд АН-ынхны нэмсэн 30 мянган хүн байсан, байгаагүй төрийн ажил яваад л ирсэн шүү дээ. Ерөөсөө улс төрийн зорилгоор ажилд авсан 30 мянган хүнээ цомхотгочихвол үүнийг дагаад маш их хэмжээний төсөв хөрөнгийг хэмнэж болохоор байна 



... Бодит байдал дээр нэг ам.доллар 1900 төгрөгтэй тэнцчихээд байхад л “Бид 1300- гаар тооцно” гэдэг. Тухайн үед асуудал хэлэлцэж байхад салбар хариуцсан сайд нь “Ам. доллар удахгүй 1000 төгрөгтэй тэнцэнэ, хараарай” ч гэж байх шиг. Төсөвт ийм байдлаар хэтэрхий амьдралаас хол, популист, тооцоо судалгаагүй хандаж ирсний гор өнөөдөр гарч байгаа нь энэ. Харин энэ удаагийн төсвийг сайд нь залуу хүний хувьд нэлээд зоригтой шийдэх гэж оролдож, төсвийн тооцоолол дээр багагүй анхаарч байна уу гэж харж байгаа.

 

Хоёрдугаарт, 2012 оноос хойш төрийн өмчит болон улсын төсөвт үйлдвэрийн газрын тоог 119-өөр нэмсэн. Тэгэхээр нэг талдаа харахаар захиргааны байгууллагын тоо багасаад байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа төсвөөс санхүүждэг улсын үйлдвэрийн газрын тоог ингээд нэмчихсэн байх жишээтэй. Тэгэхээр энэ олон газраа татан буулга гэж байгаа юм. Нэг ёсондоо бүтцийн өөрчлөлтөө дорвитойхон хийж чадвал багагүй хэмжээний хэмнэлт гарах боломжтой. Гуравдугаарт, дунд шатандаа төсвийн сахилга батыг дээшлүүлээч гэж байгаа юм. Үүний тулд эхний ээлжид анхан, дунд шатанд хэрэгжиж буй үргүй зардлуулыг танах. Орон нутагт төсвийн эрх шилжүүлэх нэрээр нийслэл, дүүргийнхний тансаглал хэрээс хэтэрлээ. ИТХ- ын тэргүүлэгчдийн урамшуулал, нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 33 орлогчийн цалин, хангамж гэх мэт асар их хэмжээний зардал урсч байна. Жишээлбэл, нийслэлийн хэмжээнд 410 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж байна. Энэ мэтийг хэмнэх боломжтой. Өнөөдрийн байдлаар татварын орлого 600-гаад тэрбумаар тасалдсан. Үүний шалтгаан нь эдийн засгийн хямралаас болоод иргэд аж ахуйн нэгж татвараа төлж чадахгүй байгаатай холбоотой. Нэг талаас нь үүнийг судлах, нөгөө талаасаа тухайн асуудлыг хариуцаж байгаа хүмүүсийн цуглуулж буй орлого хэдэн хувьтай байна, тэдэнд хариуцлага тооцооч. Нэг ёсондоо төсвийн сахилга батыг дээшлүүлэх нь чухал байна. Нөгөө талаар томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөөч гэж байгаа юм. Тухайлбал, бид өнгөрсөн оны өдийд төсөв хэлэлцэж байхдаа Оюутолгойн хоёр дахь ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэх, Тавантолгойн орд газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх байсан. Гэтэл АН-ын доторх хэрүүл, энэ намын томчуудын толхилцооноос болоод энэ ажлуудыг явуулаагүй. Үүний хариуцлагыг хэн үүрэх вэ. Хэрвээ энэ төслүүдийг хөдөлгөөд ч эхэлбэл ирэх жилээс төсвийн орлого талдаа боломж бүрдэнэ. Энэ мэт арга хэмжээг авч чадвал төсвийнхөө алдагдлыг тэг хувиар батлах боломж бүрдэнэ. 

 

-2016 оны төсвийн төсөлд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг танах санаачилга гаргасан ирэх оны наймдугаар сараас хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Гэтэл үүнийг дараагийн Засгийн газрын бүрэн эрхэд халдсан асуудал болж байна гэдэг шүүмжлэл гараад байна л даа?

 

-Бид 1990 оноос хойш ардчилал, зах зээлийн харилцаанд шилжээд ард иргэд төрийн эрхийг дөрвөн жилээр аль нэг улс төрийн хүчинд өгдөг болсон. Энэ жишгээр 2016 оны долдугаар сар хүртэл АН-ыг олонх болж, эрх баригчийн байр сууринд ажилла гэж ард түмэн сонгосон. Тэгэхээр өнөөгийн эрх баригчдын ард түмнээс авсан мандат ирэх оны долдугаар сарын 1-нээр дуусгавар болно. Харин түүнээс цааш төрийн эрхийг хэн барих юм гэдэг нь дараагийн сонгуулийн дүнд нэг тийш болох асуудал. Тэгэхээр энэ нь аль нэг улс төрийн эрх мэдэл гэхээсээ илүү ард түмний эрх ашигт халдаж байгаа үйлдэл. Ард түмэн ирэх оны зургадугаар сарын сүүлээр саналаа өгнө. Энэ сонгуулиар олонхийн санал авч мандат өвөртөлсөн улс төрийн хүчин дараагийн Засгийн газраа хэдэн яам, дэд сайдтай байх эсэхийг шийдээд явна. Тэг гэж ард түмэн сонголт хийж байгаа юм. Гэтэл ийм алхам хийж байгаа нь зүгээр л ард түмэнд таалагдах гэсэн популист алхам. Энэ бол эерэг зөв хандлага огт биш. Харин данхар бүтцээ цөөлөөд яамдынхаа тоог ес болгох, дэд сайдгүй ажиллах зэрэг шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ гэж байгаа бол энэ чинь улс орныхоо эрх ашгийг бодсон шийдэл байна биз дээ. 

 

-Гэхдээ бүтцийн өөрчлөлтийг ирэх сарын 1-нээс эхлүүлчихээр Засгийн газрын бүтцийг хөндөнө гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ?

 

-Энэ худлаа. Өнөөдөр үйлчилж байгаа Засгийн газрын тухай хуульд нийт бүрэлдэхүүний 50-иас дээш хувь нь хөдлөөгүй бол тогтвортой л байдаг. Тиймээс Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг байна. Харин өнөөдрийн ажиллаж байгаа 10-аад сайдынхаа 10 хувийг солиод нийт бүрэлдэхүүнийхээ бараг 60 хувийг аваад үлдэх бүрэн боломжтой. Есөн яам, Ерөнхий сайд гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаад явахад ямар нэгэн хүндрэл гарахгүй ээ.

 

-Төсвийн төсөлд ам.долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцож оруулсан. Тэгэхээр ирэх онд ам.долларын ханш буурна гэж найдалтгүй гэсэн үг үү? 

 

-Сүүлийн үед төсвийн төлөвлөлт, тооцоололд их алдаж байгаа. Нэг талдаа мэдээж гадаад, дотоод эдийн засгийн нөлөөллөөс төсөв тасалдаж байгаа учраас тодотгож байгаа. Нөгөө талдаа сүүлийн үед гарч байгаа нэг хүндрэл нь төсөв хэлэлцэж байхад маш хариуцлагагүй ханддагаас болоод худлаа зохиодог, худлаа баталдаг. Үүнийх нь сөрөг үр дагавар нь эргээд жилд 2-3 удаагийн тодотголд хүргэдэг. Төсөв тасалдсан ч ямар нэгэн хариуцлага ярьдаггүй. Ийм нэг урсгал байдалд шилжчихлээ л дээ. Угтаа төсөв хэлэлцэж, төлөвлөж, тооцоолно гэдэг маш их судалгаа шинжилгээтэй, мэргэжилтнүүд өөрсдөө оролцож хийдэг зүйл. Гэтэл өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бид зөвхөн ам.долларын ханш дээр гэхэд л төгрөгтэй харьцах ам.долларын ханшийг дандаа худлаа төсөөлж ирсэн. Бодит байдал дээр нэг ам.доллар 1900 төгрөгтэй тэнцчихээд байхад л “Бид 1300- гаар тооцно” гэдэг. Тухайн үед асуудал хэлэлцэж байхад салбар хариуцсан сайд нь “Ам.доллар удахгүй 1000 төгрөгтэй тэнцэнэ, хараарай” ч гэж байх шиг. Төсөвт ийм байдлаар хэтэрхий амьдралаас хол, популист, тооцоо судалгаагүй хандаж ирсний гор өнөөдөр гарч байгаа нь энэ. Харин энэ удаагийн төсвийг сайд нь залуу хүний хувьд нэлээд зоригтой шийдэх гэж оролдож, төсвийн тооцоолол дээр багагүй анхаарч байна уу гэж харж байгаа. Гэхдээ үүний хажуугаар улс төрийн шоу хийх хандлага орж ирж байгааг ч бас харж л байна.

 

-Таны хувьд өнгөрсөн зургадугаар сард төсвийг тодотгох шаардлагатай боллоо гэж хэлж байсан ч одоо л тодотгол хэлэлцэж байна. Гэтэл төсвөө тодотгохоор ирэх оны төсөвт л өр болоод үлдэх юм биш үү. Төрийн захиргааны байгууллагууд гарах зардлаа оны эхэнд л тооцоолдог шүү дээ. Энэ тодотголыг эрт хийх ёстой байсан юм биш үү? 

 

-Сүүлийн жилүүдэд тодотголыг дараа жилийнх нь төсөвтэй хамт хийгээд байгаа юм. Гэтэл энэ нь логикийн болон үйл ажиллагааны алдаа болчихдог. Нэг ёсондоо энэ оныхоо төсвийн тодотголыг хийгээд түүндээ зориулж, ажил амьдралаа зохицуулаад энэ оныхоо зөв суурин дээр ирэх оныхоо төсвийг төлөвлөдөг байвал зүйтэй. Гэтэл тодотголоо ирэх оныхоо төсөвтэй хамт өргөн барьчихдаг. Ингээд УИХ-аар тодотгол хийгээд явуулдаг ч дараагийн төсөв нь худлаа суурьтай болчихоод байгаа юм. Ерөөсөө төсөвт маш хариуцлагагүй хандаж байгаагийн илрэл нь энэ. Уг нь урд жилүүдэд төсвөө тодотгох шаардлагатай бол жилийн хагаст буюу зургадугаар сард хийдэг байсан. Түүндээ тааруулаад жилийн эцэст төсвөө төсөөлдөг байлаа. Одоо миний айж байгаа нэг зүйл нь энэ онд дахиад төсөвт тодотгол хийх вий. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн тодотгол гүйцэд болж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна л даа.

 

-2016 оны төсвийг сонгууль үнэртсэн байна гэж шүүмжлээд байна л даа. Учир нь хөрөнгө оруулалтын жагсаалт өмнөх оноос хоёр дахин нэмэгдэж орж ирсэнтэй холбон тайлбарлаж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ? 

 

-Одоо бид зайлшгүй хэмнэлтийн горимд шилжих шаардлага гарч байна. Гадаад дотоод хүчин зүйл талаасаа төсвийг амаргүй цаг үе угтах нь. Ялангуяа 2012 оны дараа Н.Алтанхуягийн тавьсан их өрийн балгаас болоод төсөвт амаргүй нөхцөл үүснэ. Жишээлбэл, бид ирэх жилээс эхлээд нэг их наяд хүртэлх төгрөгийг зээлийн хүү, үйлчилгээний зардалд төлнө. Тиймээс цаашид төсвөө хөрсөн дээр буулгахгүй бол болохгүй. Бид эхний ээлжид боловсрол, эрүүл мэнд, цагдаа хүчний байгууллагынхаа төсвийг танахгүй ажиллах ёстой. Харин төрийн захиргаатай холбоотой таналтыг илүү хийх хэрэгтэй. Цаашдаа төсвийн таналтыг зоригтойхон хийж байж үр дүн гарна. Нөгөө талдаа төсвөөр хийх хөрөнгө оруулалтаа концессийн гэрээтэй уялдуулж авч үзэх ёстой. Ирэх жилээс бид концессийн төлбөрүүдээ төлж эхэлнэ. Энэ бүхэн төсөвт дахиад л ачаалал нэмнэ. Гэтэл нэг аймгийн дарга хүртэл өөрийнхөө саналаар концесс гээд л аж ахуйн нэгжүүдээр ажил хийлгэчихэж байгаа юм. Гэтэл үүнээс гадна 2017 оноос төлж эхлэх бондын мөнгөнүүд төсөвт ямар ачаалал өгөх юм гэдгийг шийдвэрлэх үүднээс төсвийг ямар нэгэн улс төргүйгээс гадна маш сайн тооцоо судалгаан дээр үндэслэн батлах ёстой гэсэн байр суурьтай байна. 

 

-Та өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллаад ирсэн. Хөдөөд иргэдийн амьдрал ер нь ямар байна вэ. Төрийн байгууллагуудад төсөв мөнгөний хүрэлцээ хэр байгаа бол? 

 

-Орон нутгийн иргэдийн амьдрал хүнд байна. Энэ жил хөдөөгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал, махны үнэ маш бага болсон. Жишээ нь, төлөг өмнө нь 100 мянган төгрөг байсан бол өнөөдөр 60 мянга хүрэхтэй үгүйтэй байгаагаас гадна ноолуур ч гэсэн 80 мянгатай байснаа өнөөдөр 50 мянга хавьцаа л байна. Ерөөсөө малын гаралтай түүхий эдийн үнэ уначихсан учраас орон нутгийн иргэдийн худалдан авах чадвар буурсан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралын сүүдэр хөдөөд хүндээр тусч байна. Энэ цаг үед төсөв хэлэлцэж байгаатай холбоотойгоор орон нутагт ажилласан. Ингэхдээ төсөвт байгууллагуудад түлхүү ажиллалаа. Жилийн эцэст бүхий л төсөвт байгууллага тодорхой хэмжээний өртэй болж эхэлжээ. Тийм учраас эдгээр байгууллагыг өргүй гаргахын тулд төсөвт тодорхой саналууд тусгах ёстой гэж бодож байна. Тухайлбал, Өвөрхангай аймагт багш, ажилчдын цалин, үр дүнгийн урамшуулал жилийн эцэст 928 сая төгрөгөөр тасрахаар байна. Мөн төсөвт байгууллагын 13 дахь сарын цалинтай холбоотойгоор “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэгүүдийн зарим зардлыг тусгахгүй бол эцэстээ өр болж үлдэх магадлалтай. Эмнэлгүүдийн хувьд тендерээр ирсэн эмүүд нь дуусаад эмийн эргэлтийн сан руугаа ороод өртэй болчихсон байна. Засаг даргын тамгын газрууд бүгд л өртэй, дээрээс нь цахилгаан, дулааных нь мөнгө дутчихсан. Ерөөсөө төсөвт байгууллагууд бүгд өрийн сүлжээнд орчихож. Тиймээс энэ төсвийн тодотголоор боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргаатай холбоотой асуудлыг улсын хэмжээнд гаргаж ирж, шийдвэрлэх ёстой. 

 

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН