Залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв

2015 оны 10 сарын 26

-Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар мөнгө, эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Наранцэцэг нар хүрэл медаль авлаа-

Аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн залуучуудын ДАШТ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн залуучуудын ДАШТ-д өнгөрсөн оны "Майами-2014" залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, хүрэл медальт Женко клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн бөх ОУХМ Ганбаатарын Баттулга нарын бөхчүүд нарын 17 бөх зодоглосон юм. Дэлхийн 82 орны 555 (эрэгтэй 336, эмэгтэй 219) жүдоч өрсөлдсөн тус тэмцээнээс манай баг тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болон 55 кг-д 35 бөх зодоглосоноос Баяраагийн Амартүвшин хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэрбээр таван барилдаан хийснээс дөрөв ялж, нэг ялагдсанаар залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо. Тэгвэл эмэгтэйчүүдийн 44 кг-д зодоглосон Г.Наранцэцэг хүрэл медаль хүртэв. Харин хоёр жил дараалан финалд шалгарсан Ц.Цогтбаатар 60 кг-д мөнгөн медалийнхаа тоог нэгээр нэмлээ. Монголын ирээдүй гэгдэж түүний жинд 49 бөх зодоглосон бөгөөд тэрбээр хагас шигшээд Францын бөхтэй барилдаж байхдаа нуруугаа гэмтээсэн. Улмаар шигшээд Японы бөхөд цэвэр хожигдсоныхоо дараа шууд эмч нарын тусламж авсан байна. Ц.Цогтбаатарын бэртэл гайгүй гэдгийг жүдо бөхийн холбооноос мэдээлсэн. Түүний хувьд дөрвөн хоногийн дараа Абу Дабигийн “Их Дуулга”-д оролцох ёстой байсан ч бэртлийн улмаас өнжих магадлал өндөр байгаа аж.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна