Уран бүтээлч гэж хэн бэ?

2015 оны 10 сарын 26

Дэлхий дээр амьдрал үүссэнээс инагш хувьсан хөгжсөөр шалгарч үлдсэн хоёр сая төрөл зүйлийн амьтдын дотроос хүмүүн хэмээгч бодгаль ухамсарт сэтгэлгээ, оюуны хөгжлөөрөө онцгойрон тодорсны өнөөг хүртэлхи хөгжил замналын түүхэн явцад урлаг соёл ямагт онцгой үүрэг гүйцэтгэж иржээ.

Соёл нь хүний төрж өсөх, төлөвших суурь болж, энэ хөрснөөс төлжигч хүмүүний сэтгэл оюун, авъяас билгээр бүтээгдсэн нь урлаг болмуй.

Соёл, урлагийн өв уламжлал туурвиагүй, бүтээдэггүй улс үндэстэн гэж үгүй. Бүтээхүйн учир нь хүмүүний дотоод мөн чанар, оюуны хэрэгцээнд буй. Энгийнээр хэлбэл урлаг нь сэтгэлд үүсэн бүрэлдэж, уран сайхнаар төлвийг олоод өөр нэгний сэтгэлд хүрдэг мэдрэмж, харин хүрэх арга зам, хэлбэр төлөв нь ямар байхыг уран бүтээлчийн авъяас онгод, сэдэл шийдэл, бүтээлч санаа, бодит гүйцэтгэл мэднэ. Урлаг нь онолын хувьд “хүний сэтгэл хөдлөлийн хэрэгцээ” буюу “гоозүйн болон ёсзүйн мэдрэмжийг өдөөн сэрээж, эдгээр мэдрэмжээ хуваалцах арга зам, бүхий л хэрэглээг гоозүйн үнэлэмжтэй болгох хэрэгсэл, сэтгэлзүйн болон бие махбодыг илааршуулах дам хэрэглүүр, хүмүүний оршихуйг танин мэдэх, амьдралын утга учрыг нээх оролдлого” юм.

Хүн сэтгэлийн амьтан ажгуу. Сэтгэлийн амьтныг хүмүүн болгогч нь урлаг, соёл ажгуу.

Хүн урлагийг бүтээх үндсэн шалтгаанууд нь “амь зуухаас гадна өөрийн эе зохирол, тэнцвэр, хэмнэлийн байгальлиг зөнг бүтээлчээр хөгжүүлсэн”, “өөрсдийн оршин буй орчлон ертөнцтэй холбогдох шижмээ танин мэдэхийг оролдсон”, “аливаа тогтсон дүрэм журмыг гажуудаар зөрчин, тэмдэг, утга, агуулга, хэлбэрээр өөрийн төсөөллөө чөлөөтэй илэрхийлсэн”, “олон үе дамжин боловсорсон соёлын утга санааг бэлгэдэлт болон зан үйлийн арга замаар илэрхийлсэн явдал” гэнэ. Толь бичигт тайлбарласнаар уран бүтээлч гэж “ур чадвар, оюун төсөөллийн үр дүнд гоо зүйн үнэлэмж бүхий бүтээл туурвигчийг хэлнэ”, “Гоозүйн үнэлэмж, мэдрэмж шаардсан өндөр ур чадвартан” бөгөөд уран увдисаараа түүхийн аль ч цаг үед онцгой үзэгдэж байв.

Уран бүтээлч гэдэг нэрийг хэн дуртай нь олж авч, бусад ажил мэргэжлийн адил онол, дадлагаар эзэмшиж болдоггүй, өөрийн төрөлхи авъяас билэг, онцгой чадвар, хичээл зүтгэлээр төрдөг онцлогтой. Авьяас гэж: “Хүмүүнийг бусад амьтдаас ялгадаг гол шинж нь сэтгэл-оюуны үнэт чанар бөгөөд...оюун санааны бүтээлч эрх чөлөө мөн. Авьяас нь хүмүүний төрөлх чанараар илрэх гоц мэдрэмж... бөгөөд төрөлхийн шинжтэй учир удамшин дамждаг, хөдөлмөр зүтгэлээр тэтгэгдэх бүтээл туурвилын эхэн дээд мэдрэмж, чадварын цогц мөн” (Ж.Долгорсүрэн “Аман соёлын арга билгийн шүтэлцээ” 2000) Энэ л авъяас гээч нь уран туурвилыг үүтгэж, нэр нь баларсан ч бүтээлээрээ мөнхөрсөн билэгтнууд, алдар цуугаа бүтээлтэйгээ дархалсан суутнуудыг хүн төрөлхтний оюуны болоод эдийн гайхамшигт эрдэнэсийн өв санг бүтээхэд хүргэв. Өнгөрснөөс одоог хүртэлхи аль ч цаг үед гоц авъяас, сод чадавхи, нөр хөдөлмөрөөр бүтсэн соёл, урлагийн энэ их хөмрөгт багтах сод, шинэлэг, онцгой бүтээл туурвих бүтээлч ховор төрдөг учир уран бүтээлч нь онцгой авъяастан юм.

Орчин цагт “Уран бүтээлч”-ийг маш товчоор “урлаг гэгдэх үйл ажиллагаанд оролцогчийг хэлдэг” гэж томъёолох болсон төдийгүй “Ямар нэгэн хэрэгслийг ашиглан өөрийгөө илэрхийлэгч” ч гэж үзэх болсон нь сонирхолтой. Бүр “ямар нэгэн уран сайхны дадал үйлд бүтээлч, шинэлэг, чадварлаг байхыг хэлнэ” ч гэж тодорхойлсон нь байна. Харин дэлхийн дүрслэх урлагийн түгээмэл нэвтэрхий толь “Урлагтай амьдрахуй” (Living with Arts) нэн орчин үеийн уран бүтээлчдийн үүргийг: “Хүнд зориулж “орон зай” бий болгодог; “Энгийн эд зүйлсийн этгээд сонин хувилбарыг бүтээдэг”; “Бичлэг хийж, дурдатгал үүсгэдэг”; “Үл таних зүйлийн биет хэлбэрийг бий болгодог”; “Мэдрэмж сэрэхүйн биет хэлбэрийг буй болгодог”; “Бидний хараац, төсөөллийг сэргээн шинэчилж, юмсыг өөрөөр харахад тусалдаг гэж тодорхойлсон нь бидний дасал болсон уламжлал, урлагт хандлах хандлага орчин үед нэн өөрчлөгдөж буйн тод жишээ болно.

Зургийн тайлбар: Зураач Ү.Ядамсүрэн Морин хуур тоглож байгаа улаан дээлтэй урт цагаан сахалтай өвгөнийг дүрсэлсэн

Нийгэм төлөвшөөгүй хүйгээр нэгдэн амьдрах балар цагт хадны сүг зургийг далдыг ивээгчид хандсан жатга дохио, анхны бүжгийг ангийн тэнгэр, галын эзнийг баясгах урамс, анхдагч дуу хөгжмийг байгалийн хүчнийг аргадах аялгуу болгон бүтээсэн үеэс инагш уран бүтээлчид сэтгэлийн дээдийг номлогчид байсаар иржээ. Цуут эртний Герегийн Артемисийн сүм, Египетийн сац суваргууд, Микеланжелогийн Сикстиний сүмийн зураг, Занабазарын “Язгуурын таван бурхан”, Бетховений 9-р симфони, Бразилийн Есүсийн хөшөө тэргүүтэн цөм гүн сүсэг бишрэлээс үүдэж, хүний сэтгэлийг ариусгах зорилгоор бүтээгдсэн байдаг. Уран бүтээлч бол нэгэн талаар шашны зүтгэлтэн юм.

Хүний нийгмийн түүхнээ ноёлогч анги ялгаран гарч, хаад засгийн эрх барих болсон цагаас уран гартнууд хааны ордны дэргэд харъяалагдаж иржээ. Хааны ордонд ч, хорио шоронд ч тэд хаад язгууртныг баясгах, хамаг олныг дагуулах урлагийг бүтээж, ихэсийн эрхэм тансгийг нь илтгэх, эрх сүрийг бадруулах үүргийг хүлээж байв. Эдүгээ ч төрт улсын сүлд тэмдэг, төрийн далбаа, төрийн дууллыг уран бүтээлчид л бүтээж, дэлхийн “даяаршил”-ын зэрэгцээ үндэсний уламжлалаа хадгалан “дангаарших”, үндэсний дархлааг хадгалахын учир уран бүтээлч нь төрийн зүтгэлтэн ажээ.

Хүн хэмээх нийгмийн амьтны харилцан ойлголцол, хамтын оршихуй нь соёлыг үүтгэдэг бол харилцааны хамгийн яруу илэрхийлэл нь урлаг болой. Хүнийг байтугай амьтдыг уяраан уйсгах чадалтай урлагийн шидийг эрхшээж, хүмүүний сэтгэлийн бүхий л аясыг яруу хөрвүүлж, хөндөн илтгэж, амьдралыг солонгын өнгөөр сүлэгч сэтгэлийн зардас, сайн сайханд тэмүүлэх бодол мэдрэмжийг туурвин түгээгч өртөө улаач, хүмүүний биесээн ойлгох харилцааны элч, эрч хүч баяр баясал хайрлаж, урагшлах, өөдлөн дэвжих хөшүүрэг болдгоороо уран бүтээлч нь нийгмийн зүтгэлтэн юм.

Хэдэн арван мянганы тэртээх хадны сүг зургаас өнөөг хүртэлхи хүмүүний бүтээн туурвисан бүхэн тухайн цаг үеийнхээ гэрч болон үлдэж, нийгмийн тусгал, хөгжлийн баримт, тухайн нийтийн сэтгэлгээ, хүсэл тэмүүллийг ч харуулж, нийгмийн хөгжил, сэтгэлзүй, хүн судлал, нийгэм судлал, соёл судлал, хүмүүнлэгийн ухаан, гүн ухаан, гоозүй, угсаатанзүй, хэлзүй зэрэг шинжлэх ухааны хэрэглэгдэхүүн, судлагдахуун болдог учир чухамдаа түүхийн мэдлэг, түүхэн сурвалж, соёлын өв болно. Иймээс ч П.Пикассо “Бийр, будаг байхад өдрийн тэмдэглэл хэрэггүй” гэж хэлсэн биз ээ. Тэрчлэн одоо цагийг төдийгүй өнгөрсөн үерүү ярган түүхэн үнэнийг уудлан хүүрнэж, тэр байтугай ирээдүйг ч ёр билиг, сэрэл мэдрэмжээрээ зөгнөн өгүүлж байдгаараа уран бүтээлч бол түүхч юм.

Зургийн тайлбар: Зураач Норман Роквелийн “Өөрийн гурвал хөрөг” бүтээл-Artist Norman Rockwell Triple Self-Portrait

Урлагийн итгүүлэн ятгах чадварыг эн тэргүүнд ашиглагч нь аливаа засаглал бөгөөд ард түмнийг өөрсдийн үзэл баримтлалын чиг баримжаанд итгүүлж, нийтээр нь нэг зүгт дагуулан хөтлөх үүргийг урлагаар гүйцэтгүүлдэг. Арилжааны бизнест ч мөн урлагийг ийм үүргээр өргөн ашигладаг бөгөөд урлаг нь тодорхой нэгэн үзэл бодол, бодит хүн, эд зүйлийн тухай “урдаас төлөвлөсөн” итгэл үнэмшлийг олгож, харин уран бүтээлч нь үзэгч олон нийтийн “тархийг угаах” чадамгай суртал ухуулагч болдог.

Йливаад “төлөвлөж” итгүүлэхийн эсрэгээр, урлаг хийгээд уран бүтээлч нь ийм улстөрийн буюу мөнгөний машиныг өөрчлөх, унагах хүч ч болж чаддаг. Тухайлбал XX зууны эхэнд улстөрийн шинэчлэл хийхэд уриалсан авангард (Avante-Gardeхошуучлагч), дадаизм, сюрреализм, конструктивизм, хийсвэр илэрхийлэл, модернист уран зохиол, постмодерн болон контемпорари урлаг бүгд хэвшмэл сэтгэлгээг өөрчлөх, сэрэл мэдрэмж, сэтгэлгээ, илэрхийллийн өвөрмөц арга, содон шийдлийг дэвшүүлэх, соёлын ялгааг арилган шинэлэг үнэт зүйлийг бий болгох зорилгоор гарч ирэн, нийгмийг унтаа байдлаас сэрээх, улстөр нийгмийн шинэчлэлд уриалсан учраас уран бүтээлч бол шинэчлэгч юм.

Нийгмийн гажуудал, дарангуйллын засаглал, хөрөнгөтний мөлжлөг, баян хоосны ялгаа, эрх тэгш бус байдал, шашин шүтлэг, хүйс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хийгээд дайн дажныг эсэргүүцэх, нийгмийн бусармаг явдлыг илтгэн шүүмжлэх, тууштай эсэргүүцэх, бодит үнэнийг илчлэн олон нийтийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хүний эрх тэгш байдал, шударга ёсыг тунхаглах, сайн сайхныг тогтоохын төлөө уран бүтээлчид бүтээл туурвилаа бүтээн, цочмог, зоримог, эрс шийдэл бүхий бүтээлээрээ олон нийтийн анхаарлыг татаж, өөрчлөлт, шударга ёсны төлөө тэмцэгч дуу хоолой болдгийн учир уран бүтээлч нь шүүмжлэгч, ардчилагч юм.

Нийгмийн ёс бус, анхаарууштай асуудлыг хөндөж, шоглон шүүмжилж ухааруулах үүргээ гүйцэтгэж, эдүгээ хүний эрхийн зөрчил, байгалийн бохирдол, дэлхийн дулаарал, хүний наймаа зэрэг ноцтой асуудлуудыг уран бүтээлээрээ илэрхийлж байна. Энэ нь ялангуяа нэн орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлд онцгой илэрнэ. Мөн сэтгэлзүйн болон бие махбодын өвчнийг анагаах, зөв амьдрах, нийгэмшихэд урлагийг ашигладаг. XVIII зуунаас эхтэй урлагийн эмчилгээг эдүгээ албан ёсоор нь “сэтгэлзүйн, зан авирын буюу сэтгэцийн эмгэг, бие махбодын өвчин эмгэгт нэрвэгдэгсдийг анагаахад урлагийн бүтээл, урлах явц ба хандах хандлагыг ашиглах... өвчин эмгэгийн шинж тэмдэг, үр дагаврыг арилгах, сэтгэлийн хямралыг арилгах, аливаа асуудлыг шийдвэрлэх, амьдралын баяр баяслыг олж авахад тусалдаг” гэж тодорхойлжээ. Уран бүтээлч нь урлагийн увдисаар шаналлыг мартуулж, өвдсөнийг анагаах сэтгэлийн болоод бие махбодын анагаагч эмч юм.

Хүмүүний хамтаар орших ёс, нийтлэг хүсэл эрмэлзлийг нэгтгэн зангидаж, сэтгэлийн утсыг хөндөж, нэгэн зүгт уриалдаг нь урлагийн ид чадал. Худал хуурмаг, урвалт, өш хонзон, аминч бодол, хорон санааг жигшүүлж, сэтгэлийн эрхэм чанар хайр, хүндэтгэл, үнэнч, шударга ёс, энэрэнгүй үзлийг магтан дуулж, нийтлэг үнэт зүйл болгон ухааруулан ойлгуулж байдаг. Мөн урлаг нь аливааг давах сэтгэлийн хат, уламжлалаа хүндэтгэх сэтгэлийг төлөвшүүлж, урмаар тэтгэж, амьдрахуй ухааныг төлөвшүүлж байдаг учраас урлагийн боловсролыг амьдрах ухааны чухал хэрэгсэл болгон ашиглах болсон билээ. Үүгээрээ уран бүтээлч нь сурган хүмүүжүүлэгч юм.

Эдүгээ нэн орчин үеийн урлагт дэвшилтэт технологитой холбон туурвисан, өөрийн хүсэл сонирхол, үзэл бодлоо хэнээс ч үл хамааран дураар илэрхийлсэн бүтээлүүд олноор гарах болсон учир урлагийг тухайн уран бүтээлчийн өөрийн орон зайгаа тунхаглах “чөлөөт бүс” гэж нэрлэж байгаа ба уран бүтээлчийг өөрийн үзэл баримтлал, сэрэл мэдрэхүй, бодол сэтгэмжээ илэрхийлэхүйц дурын судалгаа шинжилгээ, туршилт, бүтээцийг дурын арга зам, боломж, барилаар хийдэг “чөлөөт туршигч” гэж болно.

Хүн амын шигүү суурьшил, хөрөнгөтний зах зээлийн олон дутагдалтай талын нэг нь хэт өрсөлдөөн, хэт уйсал гэлтэй. Нэг хэвийн аж амьдралаас уйдсан олныг зугаацуулах, содон зүйлээр баясгангаа ашиг олоход эн түрүүнд урлагийг ашиглаж иржээ. Жинхэнэ авъяастан, авхаалжтан, алиа салбадай, дүр эсгэгч, самууныг сурталчлагч, хөнгөн зугаа, хүүхэлдэй аль аль нь хүмүүний сониучийг л сатааруулах явдал агаад мэсчин боол, гаж биетний цирк, хувцас загвар, масс үйлдвэрлэл, зар сурталчилгаа, кино, видео тоглоом, шоу тоглолт, цахим технологийн дэвшилд тулгуурласан интерактив бүтээгдэхүүн гээд хэрэглээний болон зугаа цэнгээний олон салбарыг хамарсан энэ том мөнгөний машины олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлөх хүчийг анзаарахгүй, дурдахгүй өнгөрч боломгүй. Үүний сайн талуудыг олонтаа дурдаж болох ч саар талууд ч мөн бишгүй олон байгаа нь “жинхэнэ урлагийг л эрхэмлэгч” урлаг судлаачдын “эс тоон” өнгөрч боломгүй асуудал болоод байгаа ба “ашиг хөөгч үзүүлбэрч”, “хуулбарлагч” нь хэн ч байсан, урлагийн сэтгэлийг баясгах үүргийг мөнгөний машин болгон ашиглаж буй зугаацуулагч юм.

Дэлхий даяаршиж, мэдээлэл технологийн эринд дэлхийн ард иргэд тэр чигээрээ нэвтрэн орсон өнөө үед “урлаг гэж юу вэ? уран бүтээлч гэж хэн бэ?” гэдэг асуултууд улам бүр төвөгтэй болж, үйлдвэрлэл, гар урлал, ахуйн хэрэглээ, тэр бүү хэл урлаг хүртэл машинжиж, компьютераар өндөр ур чадвар шаардсан сийлбэр хийж, зураг зурж, хөгжим зохиож, яруу найраг бичүүлэх боллоо. Ингэснээр онцгой авъяастан, технологийн мэргэжилтэн, жирийн сонирхогчийн хоорондох ялгаа улам балархайшиж, зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудал хурцаар тавигдаж, оюуны хулгай, үнэгүй хэрэглээ зэрэг бусдын авъяас, хөдөлмөрийг ашиглах нь ч дурын асуудал боллоо. Хэн ч хаанаас ч олон нийтэд хандах, харилцах, хүссэнээ хийж, бүгдэд түгээх нь хэн хүний хурууны үзүүрт буй нэг талаар хөгжингүй, нөгөө талаар хяналтгүй “ээдрээтэй” цаг болчихсон учраас “Хутга мэс засалчийн гарт авралт зэмсэг, алуурчны гарт хөнөөлт зэвсэг болдог” шиг урлаг хэмээх энэ гайхамшгийг сайн талаар нь хөгжүүлбэл хүн ардыг нийтээр нь хүмүүжүүлэн төлөвшүүлж, урамшуулан уриалж, саар талаар нь дагуулбал нийгмээр нь хөмрөх ч аюултай бөгөөд хүн олныг сайн руу дагуулах уу?, саар руу түлхэх үү? гэдэг нь азын ч гэмээр, адын ч гэмээр ийм хүчийг эрхшээсэн уран бүтээлчийн ухамсраас шууд шалтгаацах асуудал болсон байна.

Нийгмийн дэвшил, улс орны хөгжлийг нийгмийн сэтгэлзүй, хувь хүний оюун санаа, ёс суртахууны хөгжлөөр хэмжиж, нийгмийн харилцаанд ардчилал, хүний эрхийг эн тэргүүнд тавьж буй өнөө үед дураар авирлах(анархизм), таашаалыг эрхэмлэх(гедонизм) зэрэг нийгмийн сэтгэлзүйн сөрөг хандлага ч үзэгдэж буй. Харин сэтгэлзүйн хамгийн сайн ерөндөг нь урлаг бөгөөд саар бүхнийг жигшүүлэн сайн бүхэнд дагуулах чадалтай уран бүтээлч нь соён гэгээрүүлэгч байх ёстой билээ. Энэ нь урлагийг ухамсар зорилготойгоор зориудаар бүтээх гэсэн үг бус харин ямарваа нэгэн улс төр, эдийн засаг, хувийн ашиг сонирхлоос ангид байлгаж урлагийг “урлаг” чигээр нь байлгаж, жинхэнэ бүтээл туурвихад л биеллээ олдог уран бүтээлчийн “үүрэг” юм. Гагцхүү уран бүтээл бүр “урлаг” биш, уран бүтээлч бүр “суут авъяастан” биш нь хяслантай. Урлаг нь , ухаан бодлыг эерэгээр ятган сэнхрүүлэх (surrestive) үүрэгтэй, оюун санааг эрчмээр сэлбэн цэнэглэх (compensational) чадалтай, зөн совинг сэрээх, уран сэтгэлгээг өрнүүлэх (heuristic ) нөлөөтэй бөгөөд онгод авъяасаас үүдэж, уран чадвар, онцгой мэдрэмжээр бүтсэн урлагийн бүтээл л цаг хугацаанд элэгдэхгүй, үнэ цэнээ алдахгүй, сэтгэлд хүрэх увдис чадлаа хадгалан мөнхрөхийн учир уран бүтээлч нь амьд бүхний далд ухамсарт нөлөөлөх ховсын чадалт урлагийн оргүй хоосноос “амьд” бүтээл төрүүлэгч зүтгэлтэн мөн юм.

Микеланжело нэгэнтээ “Сийлээгүй гантиг бүтээлчийн бодол нэг бүрийн хэлбэр төрхийг агуулдаг” гэсэн билээ.

О.Роден: “Гагцхүү дотоод сэтгэлийн үнэн илэрсэн газар л урлаг төрнө”,

Лев Толстой: “Урлаг бол таашаал, ая тух, зугаа цэнгэл бус, харин агуу бодос, амьдралын чухал эрхтэн”, Энри Грид: “Урлаг бол хүн, бурхан хоёрын хамтын бүтээл юм. Хүний оролцоо бага байх тусмаа бүтээл агуу байдаг”, Францын зохиолч Ран Кокто “Урлаг бол ухамсар болоод далд ухамсрын гэрлэлт”, В.Инжиннааш: Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас Хөнгөн бийрийг хөшиж юун хиймүй” , “Урлаггүйгээр амьдрагч бол хагас зэрэмдэг нэгэн” , “Урлаг бол амьдралын эрч хүч, илэрхийлэл”, “Урлаг ямар хэлбэртэй ч бай, гагцхүү урагш нь хөдөлгөх хүчийг шингээсэн гоо зүй, сэтгэл хөдлөлийн нэгдэл байх ёстой”, “Зөвхөн гараа хөдөлгөдөг бол хар ажилчин, гар, тархиа ашигладаг бол гар урлаач, харин гар, тархи, сэтгэлээрээ бүтээдэг бол уран бүтээлч”...

ДЭЛГЭРЭНГҮЙ МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХАЯГААС УНШИНА УУ!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна