Монгол-Хятадын сэтгүүлчдийн форум: Шинэ боломж, шинэ орон зай

2015 оны 10 сарын 26

Монгол-Хятадын сэтгүүлчдийн VI форум энэ сарын 15-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймагт боллоо. Энэ арга хэмжээ 2010 оноос жил бүр зохиогдож байгаа бөгөөд хоёр улсад ээлжлэн явагддаг. Жил ирэх тусам агуулга, хэлбэрийн хувьд төгөлдөржиж байгааг МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид онцолсон. Нэн ялангуяа 2013 онд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр зурагдсан Засгийн газар хоорондын баримт бичигт энэ арга хэмжээг онцгойлон багтааснаар ач холбогдол нь улам өндөрссөнийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид болон Хятадын талаас форумд оролцсон хамгийн өндөр албан тушаалтан болох Хятадын Коммунист намын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга хатагтай Цүй Юй-Ин нар форумыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэсэн. Ийнхүү хоёр орны төрийн бодлогод тусгалаа олсоноор өмнө нь Монгол-Өвөр Монголын хүрээнд явагдаж байсан форумд Хятадын тэргүүлэх хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцох болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумд оролцогчдод илгээлт ирүүлсэнийг МСНЭ-ийн ерөнхийлөгч уншиж сонсгосон. Гэсэн ч Засгийн газар хоорондын баримт бичигт туссан энэ арга хэмжээнд Монголын талаас анхаарал төдийлөн тавихгүй, зөвхөн МСНЭ-ийн ажил мэт хандаж байгааг ирэх жил Монголд зохиогдох ээлжит форумыг үеэр засч залруулах нь зүйтэй санагдсан.

Энэ удаагийн форумын гол сэдэв хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа байлаа. БНХАУ-ын дарга Си Жиньпиний дэвшүүлсэн шинэ зууны Торгоны зам буюу “Нэг бүс, нэг зам” төсөл, Монголын талын дэвшүүлж буй “Талын зам” төсөл, мөн Хятад-Монгол-Оросыг холбосон эдийн засгийн коридорыг амжилттай бий болгоход хэвлэл мэдээллийнхэн юу хийж чадах вэ, эдгээр төслийг үр дүнтэй болгохын тулд хоёр орны хэвлэл яаж хамтран ажиллах гэсэн сэдвээр санал солилцлоо.

Форумын илтгэгчдийн тавьсан илтгэлээс харахад эдийн засгийн том төслүүдийн талаар нэгдмэл ойлголттой болох, эдгээр төслийн ач холбогдлыг хоёр орны иргэдэд ойлгуулан таниулах шаардлага бий болж байгааг, мөн хоёр орны хамтран хэрэгжүүлэх эдийн засгийн төслүүд нь хоёр орны эдийн засагт төдийгүй хэвлэл мэдээлэлд ч шинэ орон зай, шинэ боломжийг бий болгож байгаатай санал нэг байлаа. Ингэхийн тулд энэ чиглэлийн мэдээ, сурвалжлагыг төрөлжүүлэн тогтмолжуулах, харилцан сурвалжлага хийх, сурвалжлагч болон мэдээ контент солилцох хэлбэрээр хамтран ажиллах боломж байгааг ярилцлаа.

Форумын төгсгөлд “Санаачилгын бичиг”-ийг гаргасан. Мөн Монголын талаас “Шилдэг бүтээл”-ийн шагналыг бий болгож, шагналын зардлыг зохион байгуулагч тал дааж байх санал дэвшүүллээ.


ФОРУМД ТАВИГДСАН ИЛТГЭЛҮҮД:

Монголын талаас:

  • “Эдийн засгийн коридор бий болгох санаачилга ба хэвлэл мэдээллийн салбарын боломж”- МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид,

  • “Телевиз хоорондын хамтын ажиллагаа улс орнууд, ард түмнийг ойртуулна”-ТВ9 телевизийн гүйцэтгэх захирал Т.Баасансүрэн,

  • “Хамтдаа хожих зарчим хэвлэл мэдээлэлд ч биелэх учиртай”-“Ньюс” агентлагийн дэд захирал Д.Нарантуяа,

  • “Цахим мэдээллийн салбарын бүх талын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх нь”-МСНЭ-ийн Цахим мэдээллийн төвийн дарга Ж.Жаргалсайхан,

  • “Өдөр тутмын сонинд Монгол-Хятадын эдийн засгийн харилцааны сэдвээр мэдээлж буй нь”-“Зууны мэдээ” сонины Эдийн засгийн мэдээллийн албаны дарга Ж.Цогзолмаа.

Хятадын талаас:

  • “Нэгдмэл ойлголтоо нягтруулж, мэдрэлцэх зүйлээ цуглуулж, хүчээ хуримтлуулж, Хятад-Монгол хоёр улсын хамтын хөгжилд яриа хэлцээний таатай орчин бий болгоё”-ӨМӨЗО-ны Ардын засгийн ХМА-ны дэд дарга Чэнь Баочюань,

  • “Хятад-Монголын хамтын ажиллагааны яриа хэлцээний таатай орчинг бий болгож, хоёр орны иргэдийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, үл ойлголцлыг арилгах тавцан байгуулъя”-“Шиньхуа” агентлагийн Өвөр Монгол дахь салбарын дэд ерөнхий редактор Ү Шянь,

  • “Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, “Нэг бүс, нэг зам”-ын стратегийг холбоход үйлчилье”-“Ардын өдрийн сонин”-ы Олон улсын хэлтсийн дарга Ма Шяонин,

  • “Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгил байгуулахад сайтар үйлчилье”-Хятадын Олон улсын радиогийн Монгол хэлний хэлтсийн дарга Гэрэлт,

  • “Үзэл баримтлалаа шинэчилж, хараагаа өргөтгөн, Хятад-Монгол хоёр улсын хамтын хөгжилд үйлчилье”-Өвөр Монголын Өдрийн сонины ерөнхий редактор Ү Хайлүн, Өвөр Монголын телевизийн дэд ерөнхий редактор Энхбаяр.

Д.НАРАНТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна