Халх голынхон сайд Р.Бурмааг тосч биш, тууж угтав

2015 оны 10 сарын 26

Өчигдөр буюу 10-р сарын 25-ны өглөө Халхгол чөлөөт бүсийн санаачлагч, ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй ажлын хэсгийнхэн Халхгол суманд очоод нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. 10-аад жийп машин хөлөглөсөн албаны хүмүүс Чөлөөт бүс байгуулах ажлаа танилцуулахаар Халхгол сумын Ялалт баг дээр очсон юм байна. Энэ үеэр нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, тэднийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Ингээд Р.Бурмаа сайд хүмүүсээ авч, Халхгол сумын төв рүү зугатах нь холгүй явцгаасан тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн Халхгол сумын төвд ч үргэлжилж, 75-р тогтоолоо цуцлахгүй бол манай нутагт хөл тавих хэрэггүй гэсэн сануулгыг албаны хүмүүст өгчээ. Олон улсын жишигт Халхголынх шиг 500 мянган га байтугай 50 мянган га-тай чөлөөт бүс ч тун ховорхон байдаг аж.

Халхголын хөрс хэт эмзэг тул чөлөөт бүсийн ашиглалтын явцад амархан элэгдэж, эргэн төлжихгүй болтлоо доройтох эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Энд Чөлөөт бүсийн онцгой дэглэм мөрдөгдсөнөөр нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдөх, гаалийн татвар тэг хувь учраас Монгол улсын эдийн засагт ашиггүй нөхцөл байдал үүснэ гэх зэрэг олон эрсдэл бий. Саяхан Халхгол сумын 1600 гаруй иргэд Чөлөөт бүсийг цуцлуулах тухай өргөдөлд гарын үсэг зурж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Түүнчлэн УИХ-ын 10-аад гишүүн хамтарч, Халхголыг Чөлөөт бүсийн хуулиас “сугалж гаргах” тухай тогтоолын төсөл санаачлаад байгаа. Уг төсөл дэмжигдвэл Халхгол чөлөөт бүсийн 75-р тогтоол хүчингүй болох юм.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна