Б.Бат-Өлзий: “Харь гарагийн хүн”-тэй хамтарч ажиллах боломж бий

2015 оны 10 сарын 26

Монгол улсын урлагийн түүхэнд шинэ хуудас нээх гэнэ. Энэ нь дэлхий дахинд “Харь гарагийн хүн” хэмээн алдаршсан Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановын тоглолт юм. Тус тоглолтыг “Корпорэйт” зочид буудлын хамт олон “Кавай Монголиа” ХХК-тай хамтран шинэ Концерт заалныхаа нээлтэд зориулан зохион байгуулж байгаа юм. Тус тоглолтыг зохион байгуулагч “Кавай Монголиа” ХХК-ийн захирал Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.

-Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Эльмар Гасановыг урих санаа хэрхэн төрөв?

-Тоглолт цэвэр сонгодог төгөлдөр хуурын концерт байна. Энэ сарын 30-нд ганцхан удаа тоглох юм. Анх 2014 онд Японы Кавай брэнд албан ёсоор Монголд нээлтээ хийсэн. Нээлтэд төгөлдөр хуурч Эльмар Гасанов оролцож, Монголчуудад анх удаа тоглосон юм. Тэр үед үзэгчид зүгээр л шоконд орчихсон гэж хэлж болно. Үнэхээр гайхамшигтай. Үүнээс хойш урлаг соёлын зүтгэлтнүүд энэ хүний төгөлдөр хуурын аялгууг сонсох хүсэлтээ илэрхийлэх болсон. Гэтэл тоглолтын шаардлага хангасан танхим байдаггүй нь бэрхшээл байсан. Харин “Корпорэйт” зочид буудал үүнийг бүрэн шийдэж чадлаа. Олон улсын стандартад нийцсэн концертын шинэ танхимтай болсон. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний ямар ч од ирж тоглоход асуудалгүй болсон гэсэн үг. Хамгийн арын суудалд суусан үзэгч ч төгөлдөр хуурын яг дэргэдээс мэт сонсох боломжтой.

-Төгөлдөр хуурчтай холбогдох хэцүү байснуу?

-Эльмар Гасанов Японы Кавай брэндтэй хамтарч ажилладаг учраас холбогдоход хялбар байсан. Өөрөө ч Монголчуудын талаар өндөр сэтгэгдэлтэй байдаг. Тиймээс бидний саналаас татгалзаагүй.

-Эльмар Гасанов дэлхийд “Харь гарагийн хүн” хэмээн алдаршсан. Энэ тухай юу хэлэх вэ?

Энэ нь түүний зохиолоо тоглож байх явц буюу хөгжимтэйгөө нэг цул болж чаддаг гайхамшигтай авъяасаас үүдсэн нэр юм. Учир нь тэр тоглож байхдаа хөгжимдөө бүрэн уусдаг. Яг л энэ гараг ертөнцийн хүн биш юм шигээр. Маш өндөр техниктэй. Үүнийг үзэгчийн суудлаас харсан, сонссон хэн ч түүнийг бишрэхээс өөр гарц үлддэггүй. Учир нь тэр ч өөрөө ч, үзэгчдийг хөгжимдөө уусгадаг. Тэгээд л тоглолтыг үзсэн хүмүүс түүнийг ер бусын буюу “Харь гарагийн хүн” гэж нэрлэдэг. Ингэж сонгодог урлагт, тэр тусмаа төгөлдөр хуурт бусдыг дурлуулж, уусгаж чаддаг нь түүний онцлог гэж хэлж болно. Тоглолтын тухайд 1,5 цаг үргэлжилнэ. Мөн тоглолтын дараа босоо хүлээн авалт хийж, Гасановтой хамт төгөлдөр хуур тоглож, хамтран ажиллах асуудлаар ярилцах боломж нээлттэй.

-Тоглолтын бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ?

-Ерөнхийдөө тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Корпорэйт буудлын шинэ концерт танхим 1200 хүний суудалтай. Билетний борлуулалт 80 хувьтай явж байна. Энгийн үзэгчдээс авахуулаад манай мэргэжлийнхэн буюу төгөлдөр хуурчид энэ тоглолтын техникийг харахын тулд билет худалдан авч байна. Ер нь ийм өндөр хэмжээний тоглолт зохион байгуулах нь их тустай. Цаашид дэлхийд нэр нь түгсэн тоглогчдыг Монголдоо урьж тоглуулах бодол байна. Сонгодог урлагаар хүн төлөвшдөг. Гоо зүйн болон тухайн хүний чадамж дээшилдэг гээд олон давуу талтай. Оюуны хөгжилд асар том дэвшил гардаг.

-Энд эгшиглэх төгөлдөр хуурын тухайд сонирхвол?

-Өнгөрсөн хавар Япон улсаас Лондонгийн “Арина” театрт тоглохоор бэлтгэгдэж байсан Кавай төгөлдөр хуур энэ үдэш эгшиглэнэ. “Корпорэйт” зочид буудлын захирал, үүсгэн байгуулагч Т. Ганболд энэ төгөлдөр хуурыг заавал лэх орондоо авчирна гэсэн зүтгэл гаргасны хүчээр маш өндөр үнээр худалдан авч ирсэн түүхтэй.

ЭХ СУРВАЛЖ: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна