Хөршийн холбоо байгуулж, олон нийтийн цагдааг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

2015 оны 10 сарын 26

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Хуралдаанаар өмнөх хуралд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг өгч, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
 

Нийслэлийн өдрийг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулла

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 10 сарын 17-ны өдөр зохион байгуулсан. Бүх нийтийн их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, нийслэлийн 32 агентлаг, нийслэлийн харьяа 28 байгууллага, дүүргүүдийн ЗДТГ, Их дээд болон ЕБС, цэцэрлэгийн 100 гаруй байгууллагын 2877 ажилтан албан хаагч, 7132 аж ахуй нэгж байгууллагын 30521 хүн идэвхтэй оролцож, 1997,39 тонн хог хаягдлыг 226 машинаар ачиж цэвэрлэжээ.
 

Нийтийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой журам баталлаа

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ухаалаг карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын талаар судалж журмын төсөл боловсруулж, энэ сарын 22-ны өдрийн НИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой Нийтийн тээврээр оюутан сурагч хөнгөлттэй явах журам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өндөр настангууд хөнгөлттэй явах журам, Нийтийн тээврийг цагийн тарифаар санхүүжүүлэх журам, Нийтийн тээвэрт үйлчлэх машины цагийн тариф гэсэн журмуудыг батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.
 

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/753 дүгээр захирамжийн дагуу нийслэлд цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн 8 дүүрэгт 10 дугаар сарын 16-18-ний өдрүүдэд зохион байгууллаа. Зарлан дуудах хуудсыг цэргийн насны залуучуудын 93,8 хувьд тарааж, иргэдийн  94.6 хувь нь цэрэг татлагад хамрагдав.
 

Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд сурталчилж байна

Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх ажилд шаардлагатай 28000 ширхэг гарын авлага, тараах материалын бэлтгэн дүүргүүдэд хуваарилан өгсөн. Бүх төрлийн согтууруулах ундаа тамхи борлуулдаг, зочид буудал, амралт, баар рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж иргэдэд зориулан сургалтын төлөвлөгөө, хуваарь боловсруулж www.mta.mn, www.nta.mn вэб сайтуудад байрлуулан сургалтыг зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 18 удаагийн сургалтаар 1031 татвар төлөгчийг хамруулжээ. Татвар төлөгчдөд энэ сарын 15-ны өдөр хуулийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг хийсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 5374 суутгагч 4578  тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчийн бүртгэлийн TRIPS програмд 314 иргэн, 2712 хуулийн этгээд, нийт 3346 татвар төлөгчийг бүртгээд байна.


Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 557 төсөл хэрэгжүүлж байна

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барилга угсралт, их засвар, зураг төсвийн нийт 557 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс:

  • Барилга угсралт, их засварын 444 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас гүйцэтгэл 78 хувьтай

  •  Зураг төсвийн 113 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас гүйцэтгэл 75 хувьтай

  •  Нийт ажлын явц 2015 оны 10 сарын 23-ны өдрийн байдлаар 76.5 хувьтай байна.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн нутаг дэвсгэрт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудыг дүүргийн Засаг дарга нар өөрсдөө маш сайн хариуцаж ажиллахгүй бол захиргааны хариуцлага тооцох арга хэмжээ авна гэдгийг сануулж, холбогдох байгууллагуудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төр захиргааны бүх байгууллага өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж иргэдэд хүргэх. Нийслэлийн өдрийн үеэр зохион байгуулагдах ёслол хүндэтгэл, нэгдсэн арга хэмжээ бүрт байгууллагуудын удирдлагууд ач холбогдол өгч оролцох

  • Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох ажлыг эрчимжүүлэх

  • Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс худалдаа хийж байгаа болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй худалдаалж байгааг зогсоон мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хяналт шалгалтыг зохион байгуулах. /Цайз 16, Өгөөмөр зах, Хархорин зах, 3, 4 дүгээр хорооллын дэлгүүрүүдийн зам дагуух худалдаа/

  • Улаанбаатар хотын замын хяналтын камер болон хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллах

  • Хөршийн холбоо байгуулж, олон нийтийн цагдааг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна