“Шүүхийн эдийн засагт аюул учирна”

2015 оны 10 сарын 26

“Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулахдаа шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар тооцсон. Улмаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д "Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох тухай зааж УИХ-д өргөн бариад байгаа билээ.

Энэ асуудлыг холбогдох хуулийн байгууллагынхан эсэргүүцэн, байр сууриа өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж мэдээлэл хийсэн юм. Тэрээр нэн тэргүүнд энэ хуулийн төслийг өргөн барихдаа өөрсдийнх нь саналыг огт аваагүй гэдгийг онцлов.

“Шүүгчид 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй”

“Шүүгч хүн ажлаасаа өөрөөр орлого олох бүх аргыг хуулиар хориглосон байдаг. Дээрээс нь бие даасан байх учиртай шүүгчдийн цалинг бууруулах тухай яригдаж буй нь шүүхийн эдийн засагт томоохон аюул учруулах асуудал” гэдгийг онцолсон юм. Учир нь шүүгчдийн 98.5 хувь нь арилжааны банкинд зээлтэй гэв. Шүүгчдийн нийт зээлийн хэмжээг тооцвол 24.5 тэрбум төгрөгт хүрнэ. Харин нийт зээлийн 70 хувь нь моргейжийн зээл юм. Тиймээс шүүгчдийн одоогийн авч буй цалинг 30 хувиар бууруулна гэдэг шүүхийн бие даасан байдалд асар хортой гэдгийг сануулав.

Шүүгчдийн нийт зээлийн хэмжээ 24.5 тэрбум.

  • 72.9 хувь – орон сууцны зээл
  • 22.8 хувь – цалингийн зээл
  • 4.2 хувь – хэрэглээний зээлтэй.

“Дөрвөн сая төгрөгийн цалинтай дөрвөн шүүгч л бий”

Шүүгчдийн цалинг бууруулах асуудал яригдахтай зэрэгцэн тэднийг дөрвөн сая төгрөг гар дээрээ авдаг гэх мэдээлэл гарсан. Тэгвэл өнөөдөр шүүгчдийн цалин дөрвөн сая төгрөг хүрэх үү?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн мэдээлснээр улсын хэмжээнд дөрвөн сая төгрөгийн цалин авдаг дөрвөн шүүгч л бий. Тэд 40 гаруй жил ажилласан ахмад шүүгчид гэв.

Харин 25-30 шүүгч гурван сая гаруй төгрөгийн цалинтай ажилладаг. Үлдсэн хэсэг нь хоёр сая гаруй төгрөгийн цалинтай ажилладаг юм байна.

Үүнээс гадна шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулна гэсэн боловч үнэн хэрэгтээ 44-62 хувиар бууруулах нөхцөл үүссэн хэмээн мэдээлэв.

“Үндсэн хууль зөрчсөн үйлдэл”

Шүүгчийн цалинг бууруулах асуудал нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Шүүхийн тухай хуулиудыг зөрчсөн хэмээн мэдээлж буй юм. Тэд дараах хуулийн зүйл, заалтуудыг дэлгэж байна.

Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн гуравт:

“Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг хангана”

Шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д:

“Шүүхийн бие даасан байдлыг хангах улс төр, хууль зүй, эдийн засгийн болон бусад баталгаа нөхцөлийг төрөөс хангана”

Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д:

“Шүүхийн үйл ажиллагааны төсөв өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно”

Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д:

“Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна”

Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д:

“Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлж байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна