Царайлаг, спортлог Жастин Трюдоог Канадчууд дэмжжээ

2015 оны 10 сарын 26

 

-Си даргын айлчлал, Канадын шинэ ерөнхий сайд гээд өнгөрсөн долоо хоногийн үйл явдлаас түүвэрлэ хүргэж байна-

 

Бяслаг, мах оруулахыг зөвшөөрөв

 

Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналтын албанаас бяслаг, бэлэн махан бүтээгдэхүүн оруулахыг Швейцарийн үйлдвэрүүдэд зөвшөөрлөө. Оросын барууны орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш бүтээгдэхүүнээ оруулахыг зөвшөөрсөн анхны барууны орон нь ийнхүү Швейцарь улс болжээ.


 

Египетийн “Мистралуудаас” Орос нэг тэрбумын орлоготой болов

 

Анх Орост нийлүүлэх гэж байгаад Украины хэрэг явдлын улмаас гэрээ нь цуцлагдсан нисдэг тэрэг тээвэрлэгч хоёр «Мистраль» хөлгийг Египетэд Франц худалдсан юм. Эдгээр хөлөг онгоцнуудын тоног төхөөрөмж, нисдэг тэргүүдийг Орос Египетэд худалдахаар болжээ. Егитетэд тэдгээрийг зарах талын тохиролцоог хийсэн тухай Оросын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Иванов өнгөрсөн мягмар гаригт мэдэгдлээ. Эдгээр наймаа нь нэг тэрбум гаруй ам.долларын өртөгтэй ажээ.

 

EPA

 

Канадын парламентын сонгуульд сүүлийн есөн жилийн дотор либералууд ялсны дараа Лейборист намын лидер 43 настай Жастин Трюдо тус орны түүхэнд хамгийн залуу ерөнхий сайд боллоо. Царайлаг, спортлог түүнийг канад эмэгтэй сонгогчид бараг бүгдээр дэмжсэн юм. Ерөнхий сайд болонгуутаа тэрээр Иракт террористуудын эсрэг байлдааны ажиллагаанд оролцож байгааг зогсоон цэргээ татахаар болов.

 

EPA

 

Их Британид гурав хоногийн албан ёсны айлчлалт хийсэн БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын сүүлийн өдөр Манчестер хотын нэгэн шар айрагны газар Их Британинийн ерөнхий сайд Дэвид Камерон урин шар айргаар дайлав. Си даргын айлчлалын үеэр хоёр улсын хооронд 150 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсны хамгийн том гэрээ нь Их Британийн цөмийн цахилгаан станцыг Хятад барих есөн тэрбумын төсөл байлаа.


 

Эхнэр нөхөр хоёрын 60 жилийн дараах уулзалт

 

EPA

 

Хойд Солонгосын Кымгансаны уулын амралтын бүсэд дайнаар хоёр тийш болсон гэр бүлийн уулзалтын 20 дахь шатны ажиллагаа дуусав. Нийт 350 орчим гэр бүлийнхэн уулзжээ. Гэрэл зурагт 66 настай эмэгтэй 88 настай аавтай уулзаж байгаа нь. Тэд 65 жилийн дараа уулзаад дахин хагацлаа.


 

Калининград живнэ гэж NASA мэдэгдэв

 

Фото: РЕН ТВ

 

Цаг уурын даяарчлалын дулаарлын улмаас Оросын Калининград мужийн ихэнх хэсэг хот нь усанд живж магадгүй. Мөсөн голуудын хайлсны улмаас далайн төвшин нэг метрээр нэмэгдэхэд хот далайн усаар түрэгдэнэ ёроолд үлдэнэ гэж NASA-гийн мэргэжилтнүүд хэлж байна.


 

Сирийн лидер нууцаар Москвад айлчлав

 

 

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад мягмар гаригт Москвад гэнэтийн нууц айлчлалыг хийсэн тухай Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков «Өчигдөр орой Сирийн ерөнхийлөгч Башар Ассад Москвад ажлын айлчлалт хийлээ» гэж сэтгүүлчдэд мэдээлэв. Германы канцлер хэд хоногийн өмнө Сирийн ерөнхийлөгчгүйгээр Сирийн хямралыг зохицуулахгүй гэж мэдэгдэж, барууны зарим орнууд тэр санааг дэмжих хандлагатай болсон байв. Гэсэн ч Башар Ассадын айлчлалт барууныханд гэнэтийн боллоо.


 

АНУ Европын пуужингаас эсэргүүцэх системийг анхлан туршлаа

 

Холбоотон орнуудынхаа хамт хийж байгаа Maritime Theater Missile Defense (MTMD Forum) гэх хээрийн сургуулийн хүрээнд Гебрижийн арлуудын туршилтын талбайгаас хөөргөсөн угтан сөнөөх пуужин Атландын далай дээр пуужин байг угтан барьж сөнөөжээ.


 

Хүйтрэлийн 60 жилийн үе эхэлж байна

 

Оросын шинжлэх ухааны академийн Тюменийн салбарын тэргүүн Владимир Мельников энэ өвлийг өнгөрсөн оныхоос хүйтэн байна гэж мэдэгдлээ.

 

Фото: depositphotos.com

 

Дэлхийд дулаарал, хүйтрэл хоёр давхцан явагдаж байгааг эрдэмтэн тайлбарлаад энэ нь агаарын хэмийн хэлбэлзлийг үүсгэж байна гэв.


 

Путиний чансаа түүхэн дээд төвшинд хүрлээ

 

Владимир Путиний төрийн тэргүүний үйл ажиллагааг оросуудын 89,9 хувь дэмжиж буйг пүрэв гаригт танилцуулсан Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Сирид террористуудыг бөмбөгдөж эхэлснээс хойш олон нийт түүний дэмжлэгийн талаар нааштай хандсан байна.


 

Евроны ханш доошлов

 

 

Москвагийн биржийн баасан гаригийн арилжаагаар евроны рубльтэй харьцуулсан ханш 1,15 рублиэр унан 68,41 рубль болсон нь наймдугаар сараас хойших хамгийн таатай үзүүлэлт байлаа. Олон улсын Forex валютын зах зээл дээр евро, долларын ханш унан нэг евро нь 1,11 доллараар арилжаалагдсан байна.


 

Францад зам тээврийн ослоор 49 хүн үрэгдлээ

 

Баасан гаригт зорчигч тээврийн автобус гуалин тээвэрлэж явсан ачааны машинтай мөргөлдөж, 49 хүн амь үрэгдсэн аймшигт осол гарлаа. Амь үрэгдсэн иргэдийн ихэнх нь тэтгэврийн насны иргэд байсан байна. Хэрэг Жиронда мужид Либурн хотоос холгүй гарчээ.


 

«Газпром» «Туркийн урсгалд»18 тэрбум рублийг алджээ

 

 

Оросын «Газпром» компани “Өмнөдийн коридор” гэсэн хийн шугамынхаа холбогдон гагнагдаагүй хоолойнуудыг “Хойд урсгал” гэх хийн хоолойны шинэ салаанд ашиглана гэв. Харин Турк руу татахаар 240 км хоолой барин гагнасан хэсэг ашиглагдах аргагүй болж байна. Үүнээс Газпром 18 тэрбум ам.долларын хохирол амсаад байгаа ажээ.


 

Бангладеш улсад шийтийн сүмийг дэлбэлэв

 

Фото: A.M. Ahad / AP

 

Бангаладешийн нийслэлийн шийтийн Хусейн Далан сүмд бямба гаригийн өглөө цуврал дэлбэрэлт болж, 12 настай хүү амиа алдан 100 гаруй хүн шархаджээ. Үл таних хүмүүс таван тэсрэх бодистой уутыг шидсэн байна. Сүмийн дотор 25 мянган хүн байжээ. Хууль хяналтынхан сэжигтэн гэх хоёр хүнийг барин байцааж байгаа бөгөөд дэлбэрэлт үйлдсэн этгээдүүдийг барьж чадаагүй байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна