МАН цалин хасахыг дэмжихгүй

2015 оны 10 сарын 26

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслүүдийг тус бүр хэлэлцжээ.

Монгол Улсын 2016 оны төсвийн хуультай холбоотойгоор 2900 орчим улстөр, захиргааны албан тушаалтнуудын цалин 30 хүртэл хувиар хасагдах болж буй. Үүнийг тус бүлэг дэмжих боломжгүй хэмээн үзсэн байна. Хямралын үед төрийн албаныхны цалинг хасах бус нэмж давах ёстой. Тийм учраас гадаад, дотоод томилолтын зардал, хурал зөвлөгөөний зардал зэрэг бууруулах боломжтой зардлуудаа танаж, цалин, тэтгэврийг нэмэх ёстой.

Мөн шатахууны Онцгой албан татварыг нэмэх бус шатахууных нь үнийг бууруулахад Засгийн газар анхаарах ёстой. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ 2 дахин буурчихсан байхад монголчууд үнэтэй шатахуун хэрэглэж байна. Жишээ нь Хиагтад 1 литр шатахуун 1000 төгрөгийн үнэтэй бол Улаанбаатар хотод 1800 төгрөг байгаа. Тайвань зэрэг улс орнууд шатахууныхаа үнийг литр тутамд 500 төгрөгөөр бууруулсан. Иймээс Засгийн газар шатахуунд ногдуулах ОАТ-ыг нэмэгдүүлэх бус үнийг нь бууруулахын төлөө ажиллах шаардлага байна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

Мөн тус бүлэг Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагаа тавихаар санал нэгджээ.

Үүнээс гадна Зарлагын дэд хороонд хандаж нийслэлийн төсвийг хянаж үзэх ёстой гэсэн шаардлага тавихаар болсон байна.

Бүлгийн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна