Тамгагүй төр

2015 оны 10 сарын 26

Төрийн өндөр албан тушаалтнуудын гаргасан шийдвэр, шийдвэрлэсэн бодлого жилээс жилд чанаргүйжиж, тэр тоолондоо төсөвт дарамт болж, хий хоосон мөнгө зарах болсныг шүүхийн шийдвэрүүд батална. Монгол Улсын шүүхээр төрийн албаны маргаан шийдвэрлэгдсэн хэргийн мэдээг харж суухад хууль бусаар ажлаас нь халсан шийдвэр жин дарах болжээ.

График №1. Шүүхээр шийдвэрлэгдсэн төрийн албаны маргаан /Хагас жилээр/

Улсын хэмжээнд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2013 оны эхний хагас жилд 85 хэрэг шийдвэрлэгдсэн бол 2014 оны хагас жилд 126 болж өмнөх оны мөн үеийнхээс 48,2 хувиар өсчээ. Тэгвэл 2015 оны хагас жилд 2014 оны хагас жилээс 45,2 хувиар өссөн буюу 186 болжээ.Энэ нь 2013 оны хагас жилтэй харьцуулбал 118 хувиар өссөн гэсэн үг. Тиймээс ч 2015 оны хагас жилийн байдлаар анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа нийт захиргааны хэргийн 28 орчим хувийг зөвхөн төрийн албан тушаалын маргаан эзлэх болжээ.

Үүнд МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан нь шууд холбоотой. Төрийн албан хаагчдыг хоморголон халах явдал хэрээс хэтэрлээ гэх гомдлыг сөрөг хүчний байр сууриас гарган тавьж байсан МАН-аас сайд, агентлагийн даргад томилогдсон этгээдүүд өөрсдийн багаа бүрдүүлэх нэрийдлээр танил тал, намаа харан солио холио хийх болсноор ийнхүү энэ төрлийн маргаан урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрчээ. 

Тухайн үед Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хаяглаж  “Засгийн газар шинэчлэгдсэнээс хойш төрийн албан хаагч нар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гомдол тасрахгүй харин ч нэмэгдэх хандлага гарсан байна. Тухайлбал, Хөдөлмөрийн сайдын тушаалаар аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, МСҮТ-ийн захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нийт 57 хүнийг ажлаас нь халжээ” гэж тоот илгээж байв.

Тэгвэл төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан иргэдийн нөхөн олговорт зориулж төр 7.8 тэрбум төгрөг гаргахаар болоод байсан. Засгийн газрын бүтцэд удаа дараа өөрчлөлт оруулснаар төрийн байгууллагуудын хэмжээнд 1500-2000 орчим албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн гэх статистик халуун зунаар гарчээ.

Хууль бусаар ажлаас нь халсан гэдгийг шүүхээр тогтоолгосон хэргүүд олширч, тэр тоолонгоор ажлаа хийгээгүй байсан үеийн цалинг нь нөхөн олгохоор болж төрийн санг хоослохоос наахнуур юм болоод байгаа аж. ЕрөнхийсайдЧ.Сайханбилэгч аргаа барахдаа, хууль бусаар ажлаас нь халсан хүмүүсийнхээ нөхөн олговрыг ажлаас халсан дарга нар нь өөрсдөө өгөөрэй гэж байх вэ дээ.

Төрийн дээр нам, намын дээр бүлэглэл гарчихсан болохоор аль намын мэдэлд ямар яам байхаас хамаарч төрийн албан хаагчдын ажилтай байх эсэх нь шийдэгддэг болсон болохоор солио, сэлгээ, хоморголон халах явдал байсаар л байна.

Монголын төр залгамж халаа, урт хугацааны ой санамжгүй байгаа нь энэ бүхэнтэй л холбоотой. Тамга, суудлын хэрүүлээс хэрүүлийн хооронд явж, хийсэн бүтээсэн нь хомс, хэрэлдсэн, хэлэлцсэн нь их болж эцэст нь иргэдийн амьдрал хэцүүдэж байна.  

Төрийн алба цомхон, тодорхой бүтэцтэй байх тусмаа аливаа ажил хурдтай урагшилж, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, хүртээмж нь хүртэл нэмэгддэг нь бичигдээгүй хууль. Зуун ямаанд жаран ухна гэгчээр албан тушаалтны тоо олшрох тусмаа хүнд суртал нэмэгдэж, иргэд цөхрөнгөө барж, гутлаа цоортол албан тушаалтны хаалгаас хаалга руу гүйх нь ихэсдэг.

Гэтэл төрийн албан тушаал, тамга тэмдгийг хувийн өмч, үүрд хувьчлаад авчихсан юм шиг зууралдаж болохоо байхаар тамгаа аваад зугтдаг явдал ч энгийн үзэгдэл мэт болов.

УИХ-ын даргын алх гэнэт алга болдог шиг тамгагүй дарга нар дахиад тамга хийлгүүлж, аль нь хуурамч, жинхэнэ нь бэ гэдгийг ялгаж салгахын аргагүй болтлоо энэ асуудал даамжирчээ. Нэг нутаг усныхан байж намчирхаж, нутгийн эрхээ булаалдан тамганы найр хийх эн цагт тамгаа аваад зугтаагчид дахиад чих дэлсэв.

Насан туршийн даргын ордонд төрсөн хүн гэж өөртөө итгэгчид албан тушаалын буг болж, аль өнгөтэй өөдтэй, эрх ямбатай газар нь очоод хийсэн ажилгүй, хэлэх үггүй суудаг болсон энэ цагт иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэрт дарах болохоор олддоггүй, эрх мэдэлтнүүдийн ашгийн тулд үйлчилсэн тогтоол, захирамжинд л үйлчилдэг тамга байна уу гэлтэй.

Ажаад байхад Монголын төлөө дарах тамга төрд ховорхон байдаг шиг санагддаг болсон шүү, та минь. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бичсэнчлэн тэдэнд хандаж хэлэхэд,

-Энэ тєрийн тамгыг би

Эхийн сvvнд ороогоод булчихсан . . .

Сvнс нь саамшихын цагт

Сvv vнэртсэн энэ газар дээр

Хvннv улсын

Хаан тамгаа атгаж тєрнє

Чихэнд чинь биш

Биенд чинь илдээр хэлчихье

Чиний хаан болох хол байгаа биз....

Л.ТӨГС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна