Хэмилтон дэлхийн гурван удаагийн аварга боллоо

2015 оны 10 сарын 26

Фото: Adrees Latif / Reuters.

“Mercedes” багийн Британи нисгэгч Льюис Хэмилтон «Формула-1» уралдааны АНУ-ын Гран-при тэмцээнд түрүүлэн уг уралдааны сүүлийн гурван уралдааны өмнө өрсөлдөгч нартаа гүйцэгдэхгүй болж, “Формула-1” ангиллын авто уралдааны дэлхийн аварга боллоо.

Америкийн Гран-при уралдааны хоёрдугаарт Хэмилтоны багийн Нико Росберг, гуравт нь Ferrari багийн Себастьян Феттель нар оржээ. Хэмилтон энэ жилийн өмнөх уралдаануудад нийтдээ 327 оноо аван хоёрдугаарт яваа Феттельд (251оноо) мөн Росбергт (247) гүйцэгдэхээргүй болсон байна.

Хэмилтон анх 2008 онд McLaren багийн нисгэгч байхдаа дэлхийн аварга болсон юм. Тэрээр өнгөрсөн онд “Mercedes” багийн нисгэгч болоод дэлхийн аварга болсон.

Өмнө нь дэлхийн гурван удаагийн аваргаар Жек Брэбем, Жеки Стюарт, Ники Лауда, Нельсон Пике, Айртон Сенна нар тодорч байлаа. Өнөөгийн нисгэгч нарын дундаас «Формула-1» тэмцээнд Себастьян Феттель дөрвөн удаагийн дэлхийн аварга болсон. Дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер энэ ангиллын дээд амжилтын эзэн юм. Аргентины Хуан Мануэль Фанхио дээд цолыг таван удаа, Ален Прост дөрвөн удаа тус тус авч байжээ.

Өмнөх Оросын Гран-при уралдаанд Хэмилтон мөн л ялалт байгуулж, түүний “Mercedes” баг зохион бүтээгчдийн цомын эзнээр хугацаанаас өмнө тодорсон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна