“Ногоон карт” аяны хүрээнд 24478 санал авчээ

2015 оны 10 сарын 26

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дэд дарга Т.Түвшин нарын албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын хуулиуд хэлэлцэгдэж байна. Зургадугаар сарын 11-нд Хүүхдийн эрхийн төлөө ногоон карт аяныг санаачилж эхлүүлсэн. Өнөөдөр энэ аян дуусаад манай хуулинд нийт 24478 санал ирсэн байна. Ийм их санал өмнө нь УИХ дээр ирж байгаагүй. Тэгэхээр иргэд, төрийн байгууллагууд хүүхдийн хамгаалалд ямар их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Өнөөдөр бид энэ танхимд аяны богцоо задална. Хуулиа хэвлүүлээд улс орон даяар тараасан. Ногоон өнгийн цаасан дээр иргэд, байгууллагууд энэ хоёр хуулинд саналаа ирүүлсэн байна. Нийт 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс, төрийн бус байгууллагууд хамтарч ажилласан. Нийт саналын 35,3 хувь нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөлд 64,7 хувь нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд саналаа ирүүлсэн байна” гэлээ.

ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай: “Хүүхэд өөрөө энэ саналд оролцсоноор их онцлог. Дийлэнх хувьд нь хүүхдүүд саналаа өгсөн байгаа.  Ерөнхийд нь хэд, хэдэн багцад хувааж авч үзэж болно. Тухайлбал, хүүхдийн талаар үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх багц орж ирж байна. Хүүхдийн эрхийн байцаагчийг ажиллуулах, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажилчдын хариуцлагыг сайжруулах, мөн тэдгээрийн нийгмийн хамгааллын асуудал, хүүхдийн хамгааллын үйлчилгээг хүүхэд нэг бүрт хүргэх асуудал нэлээн туссан. Хүүхдийн байгууллагын үйл ажиллагааны санхүүжилтийн асуудал байгаа юм. Энэ олон саналууд хуулийн төсөлд тодорхой хмжээгээр суух байх гэдэгт итгэтэй байна” гэж мэдээллээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна