Бүтээн байгуулалтын ажилд цэргийн албыг дайчилна

2015 оны 10 сарын 26

Улсын Их Хурал(УИХ) дахь Ардчилсан намын (АН) бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны бодлого боловсруулах талаар хэлэлцсэн байна. Энэ талаар АН-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.

Эдийн засгийн хүндрэлийг дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан богино хугацаанд даван туулахаар төлөвлөж байгаа тухай УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэв.

Тэрбээр, “Томоохон төсөл хэрэгжүүлж, авто зам, төмөр зам барих гэхээр манайд боловсон хүчин байдаггүй. Тиймээс дандаа гадаадаас ажиллах хүч авдаг. Үүнийг засч дотоодоосоо мэргэжилтэн, ажилтан ажилд авах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Үүний тулд цэргийн албыг ашиглана. Өөрөөр хэлбэл, барилгын цэргийн тоог нэмэхээс гадна Төмөр замын цэрэг бэлтгэх юм. Санхүүжилт нь шийдэгдсэн Гашуунсухайт, Сайншанд, Бичигт боомт гэсэн гурван төмөр замд л гэхэд 10 мянган ажлын байр бий. Энэхүү ажлын байрыг Төмөр замын цэргээр хийлгэнэ. Хөдөлмөрийн яамнаас 29 нас хүртлэх, ажил хайдаггүй, сургуульд сурдаггүй 180 мянган иргэн байна гэсэн судалгаа гаргасан. Үүний тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй гэж тооцвол 90 мянган залуу цэрэгт явах боломжтой. Тиймээс 2016 оны төсөвт 10 мянган залууг төмөр замын цэрэгт элсүүлэх хөрөнгийг тусгахаар төлөвлөж байна. Үүнийг Хөдөлмөрийн яам, БХЯ хамтран хэрэгжүүлэнэ” гэлээ.


Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Энэ онд алдагдалгүй төсөв батлах боломж байхгүй юу?

-2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийг одоо байгаагаар нь батлана. Зарим хөрөнгө оруулалтыг урсгал зардалд шилжүүлэх, зарим зардлыг хөрөнгө оруулалтад шилжүүлэх гэх мэт дотор нь өөрчлөх зүйл бий. Ер нь бол сүүлийн 15 жил дандаа лиценз, уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтыг шүтсэн төсөв баталж ирсэн. Үүний үр дүнд түүхий эдийн үнэ 30-300 хувь буурлаа. Одоо дотоодынхоо ажиллах хүч, хөрөнгө оруулалтад тулгуурлах цаг болсон. Нэг үеэ бодвол манай компаниуд олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө татаж чадаж байна. Хамгийн сүүлд л гэхэд Цагаан суврагын орд ирээдүйд гарган авах бүтээгдэхүүндээ тулгуурлаад зээл авч байна. Энэ ордод гадаад ажилтан авах шаардлага байхгүй. Учир нь бид зэс боловсруулах ажлыг бүрэн хийж чаддаг болсон. Хөнжлийнхөө хирээр хөлөө жийж, дотоодынхоо ажлын байрыг өөрсдөө эзэлцгээе. Миний дээр хэлсэнчлэн гурван төмөр замын хөрөнгийг шийдвэрлэхэд л 10 мянган ажлын байр бий болж байна. Өнгөрсөн хавар эхэлсэн “Шинэ Яармаг” төсөл л гэхэд 2500 шууд ажлын байр бий болгосон. Үүн дээр бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч гэх мэт найман мянган дам ажлын байр бий болсон. Энэ мэтчилэн өөрсдийн хөгжлийн чиг хандлагыг дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан тодорхойлох ажлыг 2016 төсвөөс эхлэн хэрэгжүүлнэ. 3.3 хувийн төсвийн алдагдал байхаас өөр аргагүй. 2016 онд 3.3 хувь байх бол 2017 онд алдагдлыг тэглэх төлөвлөгөөтэй байгаа.

-Төмөр замын цэрэг бэлтгэхэл төсөвт ачаалал ирэх үү?

-Зэвсэгт хүчний хөгжлийн санд 10 мянган цэргийн хувьсах зардлыг суулгана. Тэр хөрөнгөө төмөр замын төслүүдэд ажиллах явцдаа буцаан авах юм. Тэгэхээр орлого, зарлага тэнцэнэ.

-Шүүгч нарын цалинг бууруулах уу?

-Шүүгч нарын цалин улс төрийн албан хаагчтай адил 30 хувиар буурна.

-Шатахууны үнийг дэлхийн зах зээлийнх нь үнэтэй уялдуулан бууруулах боломж бий юу?

-Бид шатахууны үнийг тогтмол байлгах аргыг сонгон ажиллаж байгаа. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өндөр байхад улсын төсвөөс аж ахуйн нэгжүүдэд татаас олгодог. Үнэ хямд үед татвараа авч байгаа. Энэ дундаас компаниуд хожиж байна гэдэг бол буруу ойлголт. Бид шатахууны үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгаа.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна