Биеийн сүрчиг гэж юу вэ?

2015 оны 10 сарын 26

Ochko's Hobby Page

Найзуудаа сайн байцгаана уу. Ѳнѳѳдѳр та бүхэндээ үнэртний нэг тѳрѳл болох биеийн сүрчигний талаар танилцуулья. Энэ тѳрлийн үнэртнийг англиар "Body Mist", "Fragrance Mist", францаар "Brume Parfumeé" гэх мэтээр нэрлэнэ. ("Mist" , "Brume" гэдэг нь шууд утгаараа "манан" гэсэн үг. Ѳѳрѳѳр хэлбэл таны биеэнд нимгэн бүрхүүл үүсгэх анхилуун үнэрт манан гэх юм уу даа. )

Тун товчхондоо биеийн сүрчиг гэдэг нь хүн бүх л биен дээрээ харамгүй цацах зориулалттай, хамгийн бага нягтралтай ѳѳрѳѳр хэлбэл орц найрлаганы ихэнх хувийг нь ус болон алкохоль эзэлдэг бѳгѳѳд маш бага хэмжээний үнэт тос орсон үнэртэн юм. Тиймээс ч биеийн сүрчиг нь ихэнх тохиолдолд жирийн үнэртэй уснаас хэд дахин том саванд савлагдсан боловч үнийн хувьд мѳн хэд дахин хямдхан байдаг.

Биеийн сүрчгийг бүсгүйчүүд жирийн сүрчиг шиг биеийн тодорхой хэсэг дээрээ бус харин бүх л биеэрээ түрхэх боломжтой бѳгѳѳд ялангуяа унтахын ѳмнѳ эсвэл дотны нэгэнтэйгээ уулзахын ѳмнѳ хэрэглэвэл зохистой. Ѳмнѳ нь дурдсанчлан биеийн сүрчиг нь маш бага нягтралтай тул үнэрээ барих чадвар султай ба үнэр нь цѳѳхѳн хэдэн цагын дотор ууршиж алга болно. Харин биеийн сүрчигний үнэр барих чадварыг нь дээшлүүлэхийн тулд бүсгүйчүүд дараахь аргуудыг хэрэглэдэг байна. Үүнд:

1. Дѳнгѳж усанд ороод гарч ирээд биеэ алчуураар хатаасны дараа биеийн сүрчиг түрхэнэ. Яг энэ мѳчид хүний арьсны сүв нээлттэй байдаг учир сүрчгийг ѳѳртѳѳ илүү шингээснээр үнэрийг нь илүү удаан хадгалах боломжтой болдог.

2. Биендээ эхлээд үнэргүй эсвэл ойролцоо үнэртэй лошн нь түрхээд дараа нь биеийн сүрчгээ давхарлан түрхэснээр сүрчигний үнэр илүү удаан тогтоно.

Ямар ч тохиолдолд биеийн сүрчиг түрхсэн бол арьсаа бүрэн хатсаны дараа нь хувьцаслах нь зүйтэй. Энэхүү мэдээлэл танд хэрэг болно гэж найдья.

За одоо биеийн сүрчигний үнэрийг маш удаан хадгалах хамгийн шилдэг аргыг зааж ѳгьё. Бүсгүй та ѳѳртѳѳ биеийн сүрчиг авахын зэрэгцээ тухайн дэлгүүрээс хамгийн ѳндѳр үнэтэй сүрчиг авч Очкодоо бэлэглэнэ. Тэгээд би хариуд нь биеийн сүрчигний үнэрийг хэдэн ѳдѳр гаргадаггүй тусгай тарни уншина. Энэхүү тарни нь жинхэнээсээ ид шидтэй бѳгѳѳд би сурах гэж маш олон жил агуйд сууж бясалгал үйлдсэн юм. Худлаа гэвэл Жим Керри - гээс асуугаарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна