Цэргийн эмнэлгийн шинэ байрыг яаралтай барьж дуусгахыг санууллаа

2015 оны 10 сарын 26

 

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олон орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн барилгаа хүлээсээр таван жилийг угтаж байна. Эмнэлгийн шинэ байрыг барих ажил 2011 оноос эхэлсэн ч, барьж гүйцэтгэж буй "Баярс констракшн" компанийн зүгээс хамааралтайгаар ийн хойшлоод байсан юм. Угтаа барилга гүйцэтгэх гэрээнд зааснаар 2013 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад өгөх байсан юм. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан өнөөдөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллаж барилгын явц байдалтай танилцлаа. Өдгөө эмнэлгийн шинэ байранд дотоод засал, лифт суулгах ажлууд дутуу байгаа тухай "Баярс констракшн" компанийн Ерөнхий инженер М.Ганзориг албаныханд дуулгав. Б.Батсайхан даргын зүгээс "Баярс констракшн" компанийн Ерөнхий инженер М.Ганзориг нарын барилга гүйцэтгэгч нарт хандаж "Эмнэлгийн барилгын анх төсөвт өртөгт суулгаснаас хойш дахин санхүүгийн дэмжлэг авсан асуудал та нарт бий. Дээрээс нь барилгаа барьж гүйцэтгэж дуусаагүй байж мөнгөө авсан. Одоо гэтэл ашиглалтад оруулаагүй байдаг. Хугацаанд нь ашиглалтад өгөлгүй гурван ч удаа гэрээгээ сунгасан гээд та бүхнээс хамааралтай асуудал байна. Одоо гэхдээ хариуцлагын тухай түрүүлж ярьмааргүй байна. Зөвхөн эмнэлгийн шинэ байрыг 15 хоногийн дотор ашиглалтад өгөх хатуу шаардлагыг тавина. Шинэ байрыг хүлээгээд гадаадын орноос авч байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж хилийн гадна байна. Хилийн гадна хүлээлгэж байгаа хоног бүрийн тоогоор санхүүгийн төлбөр байгааг та бүхэн сайтар ойлгох ёстой. Ирэх арваннэгдүгээр сарын 9 гэхэд ашиглалтад оруулахыг хичээж ажиллаарай" гэсэн юм. "Баярс констракшн" компанийн удирдлагууд зүгээс ч гэсэн 15 хоногийн дотор гадаад, дотор заслаа хийж, лифтээ суулгаж амжина гэдгээ амалсан юм. Орчин үеийн шаардлагад нийцэх эмнэлгийн шинэ байр 300 гаруй ортой байх бөгөөд нийтдээ 17 тэрбум төгрөгөөр сүндэрлэж байна. Мөн энэ үеэр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан эмнэлгийн харъяа Шүүх эмнэлгийн байрыг барих газрыг тодорхойлоод, барих төсөв өртөгийг нь яаралтай гаргаж танилцуулахыг эмнэлгийн дарга, хурандаа Б.Элбэгжаргалд үүрэг өгсөн юм. Б.Батсайханыг дагалдаж БХЯ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, бригадын генерал Ч.Сосорбарам, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Алтансүх, ЗХЖШ-ын газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын албаныхан байлцав.