Цас, мөсөө цэвэрлээгүй бол торгууль ногдуулна

2015 оны 10 сарын 26

-Цас, мөсөө цэвэрлээгүй, үүрэг болгоогүй албан тушаалтан, ААН-ыг торгоно-

Өчигдөр орсон нойтон, цас борооны улмаас хальтиргаа, гулгаа ихээр үүсч, зам тээврийн осол нэмэгдэж, 449 дуудлага нийслэлийн Замын цагдаагийн газарт бүртгэгджээ. Нийт гарсан ослыг гарсан цагаар нь шинжвэл үүрийн 04 цаг буюу цас, мөс хайлуулах давс, бодис цацахаас өмнө 394 осол нь гарчээ. Харин өглөөний 04-09 цагийн хооронд ослын тоо буурч 55 тусламж хүссэн дуудлага бүртгэгдсэн байна. Нийт гарсан ослын 90 хувь нь эд материалын хохиролтой. Үлдсэн 10 хувь нь таван хүн эд эрхтэнээрээ хүнд, хөнгөн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байдалтай байгаа аж. Бүртгэгдсэн ослуудын ихэнх нь хотын захын хорооллуудад гарчээ. Тухайлбал Согинохайрхан дүүргийн Баянхошууны өгсүүр замд өчигдөр 19 цагийн орчимд хальтиргаа, гулгаа ихээр үүсч, тээврийн хэрэгсэл зорчих боломгүй болжээ. Иймээс тус дүүргийн замын цагдаагийн байцаагч "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" үйлдвэрлэлийн газраас тусламж  хүсч, дуудлага өгчээ. Дуудлагын дагуу 20 цагийн үед "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ийн машин ирж, тус замд хоёр тонн цас, мөс хайлуулах бодис цацаад явжээ. Харамсалтай нь цацсан бодис хангалттай хэмжээнд замын мөсийг хайлуулаагүй учир дахин Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ээс тусламж хүсчээ. Гэхдээ тусламжийн хариуд цаг гаруйн дараа замын цас, мөс хайлуулах бодисгүй, хоосон машин ирээд буцсаныг эх сурвалжууд мэдээллээ. Харин "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ээс дээрх мэдээллийг үгүйсгэж, өнгөрсөн шөнийн 03.40 цагийн орчимд Долоон буудлаас 32-ын тойрог хүртэлх замд дөрвөн тонн бодис цацаж, цэвэрлэсэн гэсэн тайлбарыг утсаар өгсөн юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд  нийслэл, дүүрэг, аймаг, сумдын Засаг дарга нар болон Иргэдийн хурал цас орсон даруйд  тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, иргэнд замыг цэвэрлэх, бохирдол, цас мөсийг арилгахыг шаардах үүрэгтэй аж. Гэхдээ өнгөрсөн шөнийн тухайд, дүүргийн засаг дарга нар дээрх үүргээ хангалттай биелүүлээгүй тухай нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдэгдэв. Хэрэв албан тушаалтан, хуулийн этгээдүүд зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд хариуцлага хүлээж, учирсан хохирлыг нөхөн төлнө. Мөн тухайн зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заажээ.

Үүрийн 04.00 цагаас хойш цас, мөс хайлуулах бодис хотын хэмжээнд 61 тонныг цацсан тухай "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ээс мэдээллээ. Энэ өвөл нийтдээ 575 тонн хайлуулах бодис, 20 тонн давс нөөцтэй. Улс орны эдийн засгийн уналттай ийм үед "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ч хэмнэлт гаргаж, хайлуулах давс, бодисын нөөцөө өнгөрсөн жилийнхээс 125 тонноор багасгажээ. 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна