МОХ ерөнхийлөгчөө сонгожээ

2015 оны 10 сарын 26

Монголын оюутны холбооны(МОХ) ерөнхийлөгч Д.Батбаяр ажлаа өгсөн билээ. Тэгвэл өчигдөр тус холбооны ээлжит бус чуулганыг зарлаж ерөнхийлөгчөөр Н.Удаанжаргалыг сонгожээ. Харин дэд ерөнхийлөгчөөр Н.Санчирбаатар, З.Төмөртөмөө нарыг сонгосон байна.

Эргэн сануулахад, нийтийн тээврийн шинэ системээр оюутнуудад зориулсан U Money картыг гаргасан билээ. Гэвч үүнтэй зэрэгцэн Монголын оюутны холбооноос нийтийн тээврийн карт гаргаж, оюутнуудаас давхар мөнгө хураасан. Үүнээс үүдээд оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудал маргаан дагуулж эхэлсэн. МОХ-ны ерөнхийлөгч асан Д.Батбаяр тухайн үед оюутнуудын эрхийг зөрчсөн, нийтийн тээврээр үнэгүй зорчуулах эрхэнд халдсан хэмээн нийслэлийн удирдлагуудыг буруутгасан. Гэвч эцэстээ Д.Батбаяр оюутнуудын асуудлыг шийдвэрлэж чадаагүй хэмээн суудлаа өгөхөөр болсон юм.

Харин нөгөө талаас төрийн өмчит их дээд сургуулийн оюутны холбооны зүгээс энэ удаагийн ээлжит бус чуулганыг МОХ-ынхны тамгаа бултуулах ажил хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Учир нь төрийн өмчийн их, дээд сургуулийнхан нэгдэн оюутны холбоо байгуулаад байгаа юм. Тэд ирцээ бүрдүүлэн албан ёсоор хурал хийж А.Төгсбаярыг ерөнхийлөгчөөрөө томилсон билээ. Гэвч Монголын оюутны холбооноос тамга тэмдгээ Төрийн өмчит их, дээд сургуулийн оюутны холбоонд өгөхөөс татгалзсаар байгаа юм.

Б.ЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна