Халуухан чуулган

2015 оны 10 сарын 27

Ирэх пүрэв гаригийн чуулганы хуралдаан их л халуухан болох шинжтэй байна. Хамгийн сүүлийн үеийн дуулиан дагуулсан, олны анхаарлыг татсан хэд, хэдэн чухал асуудлыг энэ өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр УИХ товоо аль хэдийнэ гаргажээ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан Пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын нэгдүгээрт Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бичигджээ. Ээлжит бус чуулганаар буюу наймдугаар сарын 11-ний өдөр батлагдсанаас хойш  уг хуулийг улстөрчид өөр хоорондоо өнхрүүш болгон өшигчсөөр, энэ удаад парламент энэхүү хуулийн төслийг эцэслэн шийдэхээс өөр арга зам үлдсэнгүй. Өнгөрсөн хоёр сарын турш улс төрийн хүрээнд хэрүүлийн алим болж өнхөрсөн уг хуулийн төслийг хэлэлцэж, авлигачид, албан тушаалтнуудыг өршөөх үү, эс өршөөх үү гэдгийг УИХ Пүрэв гаригт  шийднэ. Өөрөөр хэлбэл, ухарч, бултах, зугатаж, нуугдах арга улстөрчдөд үлдээгүй гэсэн үг.

Пүрэв гаригийн чуулганы хуралдааны бас нэгэн халуухан сэдэв бол Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төсөл. Тэрбээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төсөл УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороодын дэмжлэгийг авсан ч хэлэлцүүлгийн явцад УИХ-ын даргын захирамжаар зогсоосон. “Араа шүдгүй арслан болгох нь” хэмээн АТГ эсэргүүцэж байгаа Н.Алтанхуягийн санаачилсан эдгээр тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг нь нөгөөдөр шийднэ. Эл хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт хэлэлцэхээр товлосон ч “цаг хүрэлцэхгүй байна” гэсэн шалтгаанаар баасан гаригийн хуралдаан руу шилжүүлсэн ч мөн л ирц хүрээгүй гэдгээр энэ долоо хоног болгон хойшлуулсан билээ.

Дараагийнх нь буюу өнгөрсөн жилийн намраас эхлэн дуулиан тариад байгаа Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг мөн нөгөөдөр хэлэлцэнэ. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт энэ тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ удаагийнхтай нийлээд эл асуудлыг парламент гурав дахь удаагаа хэлэлцэхээр болж буй юм.

Энэ төсөл өмнө нь хоёр удаа УИХ-д өргөн баригдсан ч парламентын босгыг давж чадалгүй унасан билээ. Тэгвэл гурав дахь удаагаа өргөн бариад байгаа уг тогтоолын төслийг УИХ нөгөөдөр хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын жагсаалтын дөрөвт бичжээ. Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг өнгөрсөн намрын чуулганаар анх хэлэлцэх үед “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхний эсэргүүцэлтэй тулгарсан бол энэ удаад ч бас "эх орончид" зүгээр суухгүй нь бололтой.  Тиймээс Засгийн газар гурав дахь удаагаа “нахиж” байгаа уг төслийг "эх оронч"-дын эсэргүүцэл, эдийн засгийн шахалт шаардлага дунд   УИХ ямар шийдвэр гаргахыг харъя. Өнгөрсөн зунжин хууль бусаар алт олборлогчид Гацууртын ордын төнхөж, энэ асуудал  Ерөнхий сайдын сонорт хүртлээ өндрөө авсан юм.

Ийнхүү  улс төр, эдийн засаг, нийгэмд хүлээлт үүсгэж, мөн шүүмжлэл дагуулаад байгаа эдгээр асуудлыг УИХ энэ пүрэв гаригт хэлэлцэнэ. Иймээс л  Пүрэв гаригийн чуулган хамгийн халуун, хамгийн асуудалтай чуулган болж магадгүй байна.

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна