Шинэ Украины орон нутгийн сонгууль

2015 оны 10 сарын 27

 

Киевт засаг солигдож, Крым ОХУ-д шилжин, зүүн хязгаарт салан тусгаарлах үймээн өрнөснөөс хойш анх удаа Украинд орон нутгийн сонгууль боллоо. Орон нутгийн сонгууль шинэ хуулийн дагуу явагдсанаараа онцлог. Муж, хотууд болон дүүргүүдийн зөвлөлийг пропорциональ тогтолцоогоор сонгосон аж.

 

 

Ням гарагт болж өнгөрсөн Украины орон нутгийн сонгуулийн ирц 50 хүрэхгүй хувьтай байв. Сонгуульд Барууны талыг баримтлагч баруун бүсийн оршин суугчид хамгийн идэвхтэй оролцсон бол салан тусгаарлах үймээний бүс нутаг болсон Донбасс болон өмнөд бүс нутагт сонгуулийн ирц хамгийн бага үзүүлэлттэй гарчээ. Орон нутгийн сонгуульд Тернополь мужийн оршин суугчид хамгийн идэвхтэй оролцож ирц 56.5 хувьтай байв.  Харин Донецк мужид сонгогчдын 31.65 хувь нь саналаа өгсөн бол Луганск мужид сонгогчдын ирц 35.27 хувьтай гарчээ. Сонгуулийн дүнг 11 дүгээр сарын 4-нөөс өмнө нэгтгэж гаргах ёстой бөгөөд тав хоногийн дотор танилцуулах ёстой аж.

 

 

Украины орон нутгийн сонгуулийг 14 орон болон  олон улсын 14 байгууллагын 1554 албан ёсны ажиглагч  хянажээ. Гэсэн ч санал хураалтын эцэст 1000 гаруй зөрчил бүртгэгдсэн байна. Зөрчлийн ихэнхийг биеийн байцаалтгүйгээр саналын хуудас өгөх явдал эзэлжээ. Түүнчлэн зарим хотуудад сонгуулийн санал хураалтын нууц байдлыг хангаагүйн дээр саналын хуудсыг бөөнөөр нь хаях гэсэн оролцлого хүртэл гарсан байна.

 

 

Орон нутгийн сонгуульд нийт 132 улс төрийн нам хүчин оролцсон байна. Үүнээс Украины нийслэл  Киев хотын зөвлөлийн сонгуульд сонгуулийн босгыг таван нам давсан урьдчилан мэдээлж байна.  Үүнд, Петр Порошенкогийн эвсэл “Эв нэгдэл” Киев хотын зөвлөлд 28,3 хувийн саналаар тэргүүлж, дараалаад Львов хотын захирагчийн “Өөрийн тусламж” 10,3 хувь, Юлия Тимошенкогийн “Батькивщина” 10,1 хувийн санал авчээ. Бүх Украины “Эрх чөлөө” нам 9,7 хувь, Киевийн экс захирагч Александр Омельченкогийн  нам 8,5 хувь, Сөрөг хүчний эвсэл 3,8 хувийн санал авсан байгаа аж. Украины сонгогчид муж, хотууд болон дүүргүүдийн зөвлөлд нийт 10700 гаруй хүнийг сонгох ёстой байв. 

 

 

Украинчууд өнгөрсөн онд экс ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас зайлуусны дараа хийсэн сонголтоор “шоколадны ван” хочит Пётр Порошенко төрийн тэргүүн болсон билээ. Пётр Порошенкогийн тэргүүлсэн Киевийн засгийн газар Европын холбоонд нэгдэх гэрээг түргэвчилж, Барууны зүгээс санхүүгийн дэмжлэг авч байгаа. Гэсэн ч хөрш ОХУ-тай бүр мөсөн түнжин хагараад байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн ням гаригаас эхлэн ОХУ, Укрианы хоорондын жилийн 100 сая ам.долларын орлоготой онгоцны шууд нислэгийг хориглон зогсоожээ. Түүнчлэн ОХУ Украинд хий нийлүүлэх үнийг нэмэгдүүлж, урьдчилсан  төлбөрийн системд шилжүүлээд байна.

 

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна