Чанаргүй зээлийн хэмжээ 696,6 тэрбум төгрөгт хүрчээ

2015 оны 10 сарын 27

Есдүгээр сарын арилжааны банкуудын нэгдсэн тайланд дурдсанаар нийт чанаргүй зээлийн хэмжээ 834.5 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Үүнээс татан буугдсан “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банкуудыг хасч тооцвол чанаргүй зээлийн хэмжээ 596.6 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 70 орчим хувиар нэмэгджээ. Чанаргүй зээлийн хэмжээ өсөхөд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал шууд нөлөөлж байгааг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланд онцолсон байна. Ялангуяа гадаад валютын ханшийн эрсдлээс хамгаалах санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглаагүй хэр нь гадаад валютын зээл авсан зээлдэгчдийн хувьд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өндөр байна. Салбараар нь харвал уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарт олгосон зээлийн чанар илүүтэй муудах эрсдэлтэй байгааг Монголбанк онцолж байна. 2015 оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн салбарт олгосон нийт зээлийн 13.4 хувь нь чанаргүй, 19.6 хувь нь хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд хамаарч байгаа ажээ. Монголбанк санхүүгийн салбарт тогтворгүй байдал бий болох эрсдлээс 2013-2015 оны турш урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байна. Тухайлбал банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 16 тэрбум төгрөг байсныг 50 тэрбум төгрөг болж шинэчилжээ. Ингэснээр банкны эрсдэл даах чадвар сайжирч, том төслийг бие даан шийдэх чадавх нэмэгдэж, салбарын өрсөлдөөн нэмэгдэх боломжтойг шинжээчид хэлж байна. Одоогийн байдлаар банкны үйл ажиллагааны зохистой харьцаанууд бүгд Монголбанкнаас тогтоосон доод хязгаараас дээгүүр тогтоод байгааг мөнгөний бодлогын гүйцэтгэлийн мэдээнд дурджээ. Үүнээс гадна тухайн банк муу зээлийн багцын тодорхой хувийн алдагдлыг хүлээгээд цааш нь борлуулах боломжтой зээлийн хоёрдогч зах зээлийн тухай мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд суулгаж өгсөн байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна