Төвийг сахих Монгол

2015 оны 10 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна хэмээн үзжээ. Түүнчлэн төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болох юм байна. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, бусад хууль тогтоомжтой уялдсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн Хуурай замын дайны үед төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын V конвенц, Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын XIII конвенцид нэгдэн орох шаардлагатай байгаа тул холбогдох асуудлыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан УИХ-д оруулан шийдвэрлүүлэх шаардлагатай үүсэх юм.

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах санал гарган, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлэн, хуулийн төслийг санаачилж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх, цаашлаад энэхүү асуудлыг ажил хэрэг болгох, олон улсын хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Засгийн Газарт зөвлөмж хүргүүлсэн байдаг.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70-р чуулганы индэрт үг хэлэхдээ, “Монгол Улсын төвийг сахих статус нь дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэхэд хувь нэмэр болно” гэдгийг дэлхийн индрээс онцлон тэмдэглэсэн нь бий.


Манай Улс төвийг сахих бодлого баримталснаар ямар ач холбогдол, эерэг байдал, шинэ боломж бидэнд ирэх вэ? Үүнээс шалтгаалан манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт орох уу? Энэ талаар бид судлаач, эрдэмтдийн байр суурийг сонирхлоо.

Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Баясах:

Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс байнга төвийг сахина” гэдгээ зарлалаа. Төвийг сахих бодлого гэдэг нь аль нэг эвсэлд орохгүй, аль нэг улсыг дагаж туйлшрахгүй гэсэн үг. Төвийг сахих бодлого Монголын гадаад бодлогын хөгжлийн шатанд гарч ирж байгаа зүйл. Монгол Улс 1990-ээд онд Орос, Хятадтай тэнцвэртэй бодлого барина гэдгээ зарласан. Тэр цагаас хойш УИХ-аас хоёр ч гадаад бодлогын үзэл баримтлалыг баталсан. Эхнийхийг нь 1993 онд, хоёр дахь бодлого 2011 онд батлагдсан. Уг бодлогод юу заасан бэ гэхээр хоёр хөрштэйгээ харилцахыг нэгдүгээрт тавьсан. Энэ тохиолдолд гадаад бодлого босоо тэнхлэгээр явж байгаа байхгүй юу. Судлаач хүний хувьд Монголын гадаад бодлого хэвтээ тэнхлэгээр явах ёстой гэж үздэг. Ингэж байж хөгжлийн харьцаа үүснэ. Хэвтээ тэнхлэг гэдэг нь Европын холбоо, зүүн талд Ази номхон далай БНСУ, Япон, Америк орныг хэлж байгаа юм. Монгол Улс 2000 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д ажиглагчийн статустай болсон. Тэр үеэс өнөөг хүртэл ажиглагчийн статусаа барьж ирсэн. Хоёр хөршийн зүгээс “Энэ байгууллагад гишүүнээр элс” гэдэг шахалт үзүүлдэг. Азийн таван улсаас ШХАБ-д ороогүй цөөн орон бий. Нэг нь Туркместан. Туркместан улс 1995 онд Монгол Улсын нэгэн адил төвийг сахих бодлого барина гэдгээ зарласан. Энэ жишгээр бид НҮБ-ын индэр дээрээс зарлачихаар ШХАБ-ын гишүүнээр элсэхгүй байх боломжтой.

Туркменистан яагаад энэ байгууллагад ороогүй вэ гэхээр эрчим хүчний хурц асуудлууд гарч, том улсуудын дунд хэлмэгдчих гээд байсан тул төвийг сахина гээд зарлачихсан. Энэ нь их зөв шийдвэр байсан. Энэ айлын ганц баялаг нь байгалийн хий. Түүнийгээ зарснаар Туркменистан хожиж байгаа. Бид хоёр хөрштэйгээ ойртоод ирэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсчихож байна. Одоо хөрөнгө оруулалт сэргэнэ. Санхүү эдийн засгийн төв болох бололцоотой. Зөв өөдрөг тийшээ явна гэж ойлгох хэрэгтэй.

Төвийг сахих бодлогын түүхийг сурвалжлах юм бол 1920, 1930-аад онтой холбогдоно. Тухайн үед Цэвээний Жамсран, Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж нар “Швейцарь лугаа адил улс болно” хэмээн ярьж байсан. Харамсалтай нь, тэр үед зарлах боломж олдоогүй. Одоо шинэ боломж нээгдлээ. Ардчилсан орон гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Ирэх жил Монголд АСЕАМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Гадаад ертөнцөд Монголын нэр хүнд өндөр шүү дээ. Дотроо л хөлөө ололцохгүй байгаа болохоос биш.

ДЭЛГЭРЭНГҮЙГ УНШИХ


Монголын Геополитикийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Ж.Чойнхор:

-Манай гадаад бодлогын энэ шинэ алхам чухал ач холбогдолтой гэж би үзэж байна. Монгол Улс НҮБ-д элсээд 50 гаруй жил боллоо. Энэ хугацаанд Монгол Улс энхийг эрхэмлэсэн, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг дэмжсэн, түүний гишүүнээр ажилласан билээ. Иймээс Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энх тайванч гадаад бодлого, дэвшүүлж байсан санал санаачлагын зүй ёсны логик үргэлжлэл болж байгаа юм. Олон улсын туршлагаас харахад төвийг сахих байр суурь хоёр янз байдаг. Нэг нь дайн, зэвсэгт мөргөлдөөний үед төвийг сахих, нөгөө нь гадаад бодлогодоо байнга төвийг сахих хэлбэр байдаг. Манай улсын дэвшүүлэн тавьж буй бодлого бол байнга төвийг сахих статуст хамаарч байгаа. Энэ бодлогыг хуулийн дагуу ёсчлон биелүүлэх тохиолдолд манай улсын олон улсын эрх зүйн орчинд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх шаардлагатай болно. Гэхдээ энэ өөрчлөлт Монголын гадаад бодлогын зорилго зарчимд төдийлөн нөлөөлөхгүй. Монгол Улсын энхийг эрхэмлэх гадаад бодлого гэсэн тодорхойлолтод байнга төвийг сахих гэсэн нэр томъёо нэмэгдэнэ гэсэн үг. Байнга төвийг сахих бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн үүднээс авч үзвэл Үндсэн хуулийн тодорхой зүйл ангид өөрчлөлт орох шаардлагатай болно. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна” гэж заасан. Энэ заалтад “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг баримталж, энхийг эрхэмлэх, байнга төвийг сахих бие даасан гадаад бодлого явуулна” гэсэн хэлбэрээр найруулан засах шаардлага гарна байх. Үүнийг дагаад мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг гол чухал баримт бичгүүдэд холбогдох өөрчлөлт тусгагдах шаардлагатай болох юм.

Төвийг сахих статустай болсноор олон улсын хамтын ажиллагаанаас тусгаарлагдана гэсэн үг огт биш. Харин ч төвийг сахисан оронд бусад улс орон ихээхэн итгэл найдвар хүлээлгэж, ач холбогдол өгч хамтарч ажилладаг. Нэг талын үзэл баримтлалд хэтийдэж, нөгөө талыг хохироохгүй гэсэн утгатай учраас олон улсын банк, санхүүгийн байгууллагууд төвлөрөх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, хурал, чуулган, зөвлөгөөн зохион байгуулах гэх мэт давуу тал аяндаа үүсдэг.

ДЭЛГЭРЭНГҮЙГ УНШИХ


Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Д.Баярхүү:

Манай улс бол энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого явуулдаг гээд дээр хэлчихсэн. Энэ маань улс орноо улс төр, дипломатын аргаар батлан хамгаалахаас өөр сонголтгүй ээ гэсэн үг л дээ. Манай мэт жижиг улс цэрэг-стратеги, геополитик, хатуу хүчний бодлогоор оролддоггүй л дээ. Жижиг буурай улсын гадаад бодлого гэдэг маань ихэвчлэн зөөлөн хүчний бодлогоор хэрэгждэг. Гадаад бодлогын үзэл баримтлалд бичсэнийг энд эшлэе. “Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн.Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна.Дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ. Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын чиглэл, зорилтыг уян хатан тогтооно. Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална” гээд заачихсан байгаа шүү дээ. Тэгэхлээр энд гэнэтийн юмны тухай ерөөсөө яриагүй байна. Аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ, цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй гэдэг чинь бүгд л төвийг сахинаа гэсний илэрхийлэл биш гэж үү?

ДЭЛГЭРЭНГҮЙГ УНШИХ

Бэлтгэсэн Г.ДАРЬ, А.ТУЛГА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна