Чоно борооноор...

2015 оны 10 сарын 27

Улстөрчдийн оролцохгүй зүйл, хүрэхгүй газар гэж монголд алга. Малчны хотонд ямаа самнаж, хар захын цайны газар хоолонд орж, хүрз барьж цас малтах гээд улстөрчдийн зүүдэнд ч оромгүй зургийг захын сайтаас олоод харчихаж болно. Нэг үгээр хэлбэл тэдэнд хүрэхгүй газар, чадахгүй зүйл байхгүй гэдгийг дээрх зургууд нотолно. 

Оюутолгой, Тавантолгой бол тэдний мөнхийн сэдэв. Тэд энэ сэдвээс хэзээ ч уйдахгүй, бас орхихгүй. Бидний дараа, дараагийн үеийн улстөрчид ч ярьсаар л байх болно. Учир нь Оюутолгой, Тавантолгой бол хэдэн арав биш, хэдэн зуун жилээр ашиглагдах орд учраас. Тэгэхээр дээрх “толгой”-нуудын тухай асуудал нь улстөрчиддөө биш хэдэн зуун жил ашиглагдах орд учраас мөнхийн сэдэв юм. Гэхдээ тэдэнд оролцохгүй зүйл гэж байх ёстой гэдгийг энд чангаар хэлмээр байна. Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс Тавантолгой ХК төрийн өмчит компани тул эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалт зэрэг ирээдүй рүү чиглэсэн бодлогын асуудалд оролцох нь улстөрчдийн эрх бөгөөд үүрэг. Харин компанийн дотоод менежмент, ажилчдын цалин хөлс хийгээд ажилчид нь ажил хаях зэрэг нь тухайн компанийн дотооддоо шийдэх асуудал. Үүнийгээ ч шийдэх эрх нь тэднийх. Гэтэл сүүлийн үед Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ажилчид жагсаал цуглаан хийж, суулт зарлах нь хүртэл улстөрчдийн оролцох ажил мөн гэж үү.

Учир нь Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх  “TTJVCo” компанид шилжихээ эсэргүүцэн суулт зарлаж буй тэдгээр ажилчид улстөрчид хийгээд улс төрийн намуудаас хүч хавсрахыг гуйж. Нөгөөдүүл нь  ч алга ташин угтаж, “та нарын талд шүү” гэдгээ дуулгасан  юм даг уу даа. Тэдний энэхүү хөшигний ар дахь дэмжлэг нь  тэдгээр ажилчдыг та нар ажил хийгээд хэрэггүй, гудамжинд гарч лааз өшиглө гэж байгаатай агаар нэг санагдаж байна. Компанийн дотооддоо шийдчих асуудлыг яагаад ийн дэвэргэнэ вэ, улстөрчид өө.

Ажилчдынхаа ажлын байрыг хамгаалж үлдсэнийх нь төлөө юу. Эдийн засгийн ороо бусгаа энэ үед жил гарангийн хугацаанд ор тас сул зогссон ажилчдадаа 60 хувийн цалинг нь өгч, дээрээс нь тэднийхээ ажлын байрыг баталгаажуулсны төлөө юу. Дээр дооргүй бүсээ чангалж, төрийн албанаас эхлээд цалингаа танаж, ажилчдаа цомхтгож буй энэ хүнд үед ажилчдаа авч үлдсэнийх нь төлөө юу. Яалаа гэж! Ойлгохгүй байна. Таван толгойн төсөл анхнаасаа мордохын хазгай болсон уу гэвэл, тийм.  

Анх Австралийн “Макмахон” гэдэг супер компани Цанхийн зүүн уурхайд гэрээт олборлогчоор шалгарч 2011 оны 11 сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулсан. Гэвч тэд анх гэрээ байгуулсан цагаасаа эхлээд л супер байж чадаагүй. Тэр төлбөр тооцоо, гэрээний үүрэг, хариуцлагын талаар ярих ч юм биш. Дөнгөж гэрээ байгуулчихаад хэдхэн сарын дараа гэрээнийхээ бүхий л эрх үүргийг өөр компанид шилжүүлчихсэн. Ингэхдээ өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Five Hills” компанийн охин компани болох “TTJVCo”-д шилжүүлчихсэн.  “Five Hills” нь “TTJVCo”-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг. Нэг үгээр хэлбэр “Макмахон” өөрийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг охин компанийнхаа охин компанид гэрээнийхээ эрх, үүргийг шилжүүлсэн. Манай улстөрчид ч гэж улстөрчид,  тэрийг нь зөвшөөрч л байдаг.

Гэтэл энэ оны 6-р сард “Макмахон” “TTJVCo”-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг “Five Hills” компаниа өөр компанид зарчихсан.  

ЭТТ ХК-ийн удирдлагууд “Макмахон” компанийн дээрх үйлдэл Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн эсэхийг судалж үзсэний үндсэн дээр “TTJVCo”-той гэрээгээ дахин шинэчлэн байгуулахаар болсон. Тэрхүү гэрээнд 1 м куб уулын ажил хийснийх нь төлөө Эрдэнэс Тавантолгой ХК 5 орчим ам.доллар төлөхөөс өөр төлбөр  төлөхгүй буюу Цанхийн баруун уурхайн гэрээний нөхцөлд ойртуулан гэрээгээ байгуулж, 2015 оны 09-р сарын 29-нд гарын үсэг зурчихаж. Ингэхдээ Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан ажилчид болох 200 орчим хүнийг өмнө нь байсан ажлын байрыг дордуулахгүй, цалин мөнгийг нь хасахгүй нөхцөлтэйгөөр “TTJVCo”-д шилжүүлэхээр тохиролцсон аж. Мөн гэрээний хугацаа дуусмагц ажилчдаа шилжүүлж авах талаар ярилцаж байгаа гэдгийг компанийн удирдлагууд саяхан хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлж байсан. Хамгийн гол нь эдгээр ажилчид нь өмнө нь яг л энэ ажлын байран дээр ажиллаж байсан ажилчид. Гангцхүү цалингаа Эрдэнэс Тавантолгойгоос бус “TTJVCo”-оос л авах аж.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим компаниуд ажилчдаа цомхтгож байхад энэ шийдвэр нь өнөөдрийн нөхцөлд хэн хэндээ ашигтай шийдэл болсон гэдгийг компанийн удирдлагууд хэлж байгаа. Энэ тухайгаа ч ажилчдын бүх нийтийн хурал зарлан учир байдлыг тайлбарлан ойлголцолд хүрсэн гэсэн.

Хэрэв тэдгээр ажилчид үнэхээр л гаднын компанид харьяалагдахгүй гэж байгаа бол Эрдэнэс Тавантолгой ХК тэднийг цомхтгохоос өөр аргагүй. Эдийн засгийн хүнд нөхцөлд ажилчдаа цомхтгож, цалин мөнгийг нь танаж байгаа энэ үед үүнээс өөр сонголт бий гэж үү. Манай улстөрчид үргэлжид шинийг санаачилж, бүхний түрүүнд явдаг болохоор магад өөр гаргалгаа олчихоод тэднийг турхираад байна уу. Хэрэв тийм гаргалгаа олсон бол Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагуудад зөвлөөч. Цаадуул чинь ажилчдынхаа ажлын байрыг хамгаалж үлдсэнийхээ төлөө ажлаа ч эхэлж чадахгүй буруутан болоод сууж байна.

Г.ДОРЖ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна