Хүүхдийн найрал дууны гала концерт болно

2015 оны 10 сарын 27

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмыг зохион байгуулаа. Анхан шатны шалгаруулалт 10 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд, төгсгөлийн шатны шалгаруулалт 10 дугаар сарын 16-нд Монголын хүүхдийн ордонд болсон.
 
Анхан шатны шалгаруулалтад нийслэлийн 7 дүүргийн 65 сургуулийн 5320 сурагч, 195 багш оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтад 7 дүүргийн 17 сургуулийн 1300 сурагч, 51 багш  ур чадвараа сорин өрсөлдөж дараахь хамтлагууд шилдгээр тодорлоо. Үүнд :

  • Нэгдүгээр байранд  Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн найрал дууны хамтлаг

  • Хоёрдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн найрал дууны хамтлаг

  • Гуравдугаар байранд Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

  • Тусгай байранд  Налайх дүүргийн найрал дууны “Силвер стрингс” хамтлаг, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд тус тус шалгарсан юм.

Мөн шилдэг удирдаач багшаар Налайх дүүргийн “Голомт цогцолбор” сургуулийн хөгжмийн багш Б.Очирбат, шилдэг найралжуулагч багшаар Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн хөгжмийн багш С.Урантуяа нар тодорсон.

Уралдааны  шагналт байр, шилдэг хамтлагуудын хамтарсан Гала  концертыг нийслэлийн 376 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр буюу Пүрэв гарагт 12:30 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна