Т.Өмирбек: Энэ жил 575 тонн давс, бодисын нөөц бий

2015 оны 10 сарын 27

Ням гарагт орсон цаснаас болж Улаанбаатар хотын зам талбайд халтиргаа гулгаа үүссэн билээ. Үүнтэй холбогдуулан нийтийн үйлчилгээ Улаанбаатар нэгтгэлийн Зам цэвэрлэгээ, үйлчилгээний ахлах инженер Т.Өмирбекээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ням гарагт орсон цасанд хэчнээн тонн давс, бодис зарцуулсан бэ?

-Өчигдөр долоон машин, 19 хүний бүрэлдэхүүнтэй баг Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Хувьсгалчдын гудамжид бодис цацсан. Мөн Нарны зам, Их тойруу, Бага тойруу, алсын өгсүүр гүвээтэй газруудад давс цацах арга хэмжээ авч ажиллалаа. Өчигдрийн хувьд нийтдээ 61 тонн бодис цацсан. Ер нь энгийн үед 30-40 тонн бодис цацдаг л даа. Гэхдээ өчигдөр цас, бороо холилдож орсон учраас зам мөстөж, халтиргаа гулгаа их үүссэн. Тиймээс илүү их хэмжээний бодис цацах шаардлагатай болсон юм.

-Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажилд хэдэн тонн давс, бодис төлөвлөсөн бэ?

-Ер нь өмнөх жилүүдэд 13 өдөр цас ордог байсан юм. Харин Онцгой байдлын газраас энэ жил 20 өдөр цастай байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Түүний дагуу 575 тонн бодис нөөцөлнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар 75 тонн бодис ирсэн байгаа. Маргаашнаас /өнөөдрөөс/ эхлэн дахин нэмж давс, бодис ирнэ.

-Энэ жил зуд болно гэж байгаа шүү дээ. 575 тонн давс, бодис хүрэх үү?

-Хүрнэ. Энэ жил улс даяар санхүүгийн бололцоо бага байгаа учраас бодисоо хэмнэлттэй цацах талаас нь төлөвлөж хийж байна. Аль болох техникийн хүч болон зам цэвэрлэгээний ажилчдаа дайчлан ажиллахыг бодож байгаа. Цаашдаа бодисоо хэмнэлттэй зарцуулах зарчмыг л баримталж ажиллана.

-Давс, бодис чанарын шаардлага хангасан уу. Хэр чанартай вэ?

-Ер нь энэ жил гайгүй чанартай давс, бодис ирсэн. Би сая өөрөө харлаа сайн хайлуулж байна лээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас компаниудын дунд тендэр зарлаж байж замд цацах давс, бодисыг авдаг. Энэ жилийн хувьд Орос улсаас бодисоо авсан юм байна лээ.

-Бодис цацах техник хэрэгсэл хэр хангалттай байгаа вэ?

-Бодис цацах техник хэрэгслийн хувьд хангалттай бэлтгэсэн. Нийтийн эзэмшлийн зам талбай дээр давс цацах хангалттай техник байгаа.

-Иргэдийн дуудлагын дагуу очиж цацдаг уу?

-Үгүй. Манай байгууллагын инженер, жолооч нар олон жил ажилласан учраас туршлагатай хүмүүс байдаг. Тогтсон чиглэлүүд байдаг учраас цас орсны дараа эрсдэл ихтэй газруудад очиж бодис цацдаг. Ерөнхийдөө өвлийн бэлтгэл ажил болгож машин техникүүдийг тодорхой гудамж, талбайд хувиарласан байдаг юм. Зарим тохиолдолд давхар дуудлагад явдаг. Ихэвчлэн замын цагдаа нар дуудлага өгдөг л дөө. Ер нь манай байгууллага замын цагдаа нартай хамтарч ажилладаг юм.

-Ажиллах хүч хэр хангалттай байгаа вэ?

-Бодисыг ихэвчлэн жолооч, шуурхай жижүүрүүд хувиарын дагуу цацдаг л даа. Харин явган хүний зам талбайг 300 гаруй зам талбайн үйлчлэгчид хүрз, цохиур ашиглаж цэвэрлэдэг юм. Энэ жил өвөлжилтийн бэлтгэл болгож цас хусдаг хүрз салбар салбартаа 40-50 ширхэг, цохиур 60 ширхэгийг авсан.

-300 хүн Улаанбаатар хотын замын цасыг цэвэрлэхэд хүрэлцэх үү?

-Манай байгууллага Улаанбаатар хотын 300 гаруй километр замын гэрэлтүүлэг, хайс,  хашлага,  замын цэвэрлэгээ зэрэг цогц үйлчилгээг хариуцдаг юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын төв замуудыг хариуцдаг гэсэн үг. Харин дүүргүүд хороолол дундах салбар замуудаа хариуцаж ажилладаг. Онцгой тохиолдолд манайхаас 300-400 хүн ажиллах боломжтой л доо. Бид зөвхөн хүн ажиллуулаад байхгүй жижиг оврын машин гаргаж замын цасыг хусах арга хэмжээ авна.

Н.БАТЗАЯА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна