АНУ сөнөөгч хөлгөө Өмнөд Хятадын тэнгис рүү илгээв

2015 оны 10 сарын 27

 

АНУ алсын удирдлагатай пуужин тээгч сөнөөгч хөлгөө Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн хиймэл арлын ойролцоо аваачжээ. АНУ-ын тэнгисийн цэргийн “USS Lassen” сөнөөгч хөлөг Спартли арлын ойролцоо хэдэн цагийн дотор ажиглалт хийх гэнэ. Түүнчлэн АНУ-ын тэнгисийн цэргийн нэрээ нууцалсан албаны хүний мэдээлснээр даалгаврыг  “P-8A” ,“P-3” тагнуулын нисэх онгоцны хамтаар гүйцэтгэх аж. Энэ хэрэг ирэх арваннэгдүгээр сард болох Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалтаас хэдхэн долоо хоногийн өмнө болж байна. Чуулга уулзалтанд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Хятадын дарга Си Жинпин нар оролцох аж.

 

Харин Хятадын гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын хөлөг хязгаар тогтоосон 12 тэнгисийн милл бүсэд нэвтэрсэн эсэхийг тодруулж байгааг мэдэгдээд Вашингтонд анхааруулга өгчээ. Өмнө нь өнгөрсөн есдүгээр сард Бээжингийн талаас Спартли арлын ойролцоох Хятадын тэнгис болон агаарын эзэмшлийн аль ч орон нэвтрэхийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн юм. Бээжин өнгөрсөн оноос хойш Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын орчимд хиймэл арал босгох ажлыг эхлүүлж, олон улсын дургүйцлийг төрүүлээд байна.

 

Өмнөд Хятадын тэнгис дэх далайн тээврийн чиглэл болон байгалийн хий, газрын тосын чамгүй нөөцтэй хэсгийг Азийн хэд хэдэн орон булаалдаж байгаа билээ. Тэнгис дэх газар нутгийн маргаан Вьетнам, Малайз, Бруней, Филиппин, Тайван, Хятад зэрэг улсыг хамарч байна.

 

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна