Туялзуур сэлэмний спортын талаарх мэдээллийг хүргэж байна

2015 оны 10 сарын 27

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголд хамгийн эрчимтэй хөгжиж байгаа спорт гэвэл туялзуур сэлэмний төрлийг нэрлэнэ. Монголын туялзуур сэлэмний холбоо, тус спортыг сонирхон хичээллэж байгаа тамирчид ч тэр өдөр тутмын үйл ажиллагаа, тэмцээнээс тэмцээнд сайжирч буй байдлаараа спорт сонирхогчдод ихээхэн итгэл найдвар төрүүлдэг.

Монголын туялзуур сэлэмний холбооноос өнгөрөгч есдүгээр сард залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан билээ.

Ингээд туялзуур сэлэмний спортын талаарх мэдээллийг хүргэж байна.

Хүмүүс туялзуур сэлэмний спортоор хүүхэд байхаасаа л хичээллэж эхлэх хэрэгтэй гэж боддог. Тийм биш юм. Яг үнэндээ бол туялзуур сэлмээр хичээллэж эхлэхэд хамгийн тохиромжтой цаг бол 20-оос дээш нас, 30-40 нас юм. Гэхдээ мэдээж олимпийн аварга болох зорилгоор биш л дээ. Харин яагаад гэдгийг нь доорхи 7 шалтгаанаар үзүүлжээ.

1. Та хараахан хөгшрөөгүй байна

Хүмүүс залуу гэхээр л 20 хүртэлх насны хүмүүсийг ойлгодог болчихож. Үгүй л дээ. Өөрийгөө залуу гэж боддог хүн бүр л залуу юм. 30-40 нас бол бүр л залуу. Залуу байна гэдэг бол өөрийн бодлын л асуудал. Иймээс залуу байгаа дээрээ шинэ, сайхан юм туршиж үзэх л хэрэгтэй (туялзуур сэлэм шиг). Залуу байгаагаа улам л мэдэрнэ.

2. Зугаатай байдлаар эрүүл байх арга

Гүйлтийн зам дээр гүйх ч эрүүл мэндээ хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг л дээ. Гэхдээ бидний ихэнхид жаахан уйтгартай байда. Бидэнд зугаатай байдлаар эрүүл мэндээ хамгаалах өөр нэгэн арга хэрэгтэй. Туялзуур сэлэмний клуб бол үүнд яг тохирсон газар шүү. Та туялзуур сэлэмний клубээс “мөлхөөд” л гарна. Гэхдээ их зугаатай байна. Энэ спортын хамгийн сайхан нь та өдөр ирэх тусам улам хүчтэй болж байгаагаа мэдэрч, сэлэмний урлагийг улам илүү эзэмшиж байгаагаа мэддэгт оршиж байна. Маш идэвхитэй дасгал, эрүүл мэндэд нэн тустай хөдөлгөөнүүд...

3. Шинэ чадварууд сурна

Өмнө өөрт байгааг мэддэггүй байсан чадваруудаа сэлмээр дамжуулж олж авна гэдэг гоё биш гэж үү? Та өмнө нь сонсож ч байгаагүй үгнүүд, хөдөлгөөнүүд, сэлэмний урлагийг сурах болно. Насанд хүрсэн хойноо сэлэмний урлагийг эзэмшихийн нэг давуу тал нь та шинэ юм сурч байгаадаа маш мэдрэмтгий байж, түүнээсээ таашаал авдаг юм.

4. Сайхан хүмүүстэй уулзана

Нэг ийм хэлц байдаг “Сэлэмчид үргэлж сайн явдаг”. Насанд хүрсэн хүмүүс нэгэнт нийгмийн эргүүлэгт орсон байдаг. Үүнээс гарах арга байхгүй. Туялзуур сэлэмний клуб бол өөрийн нийгмийн харилцаагаа сайжруулах, шинэ сайхан хүмүүстэй танилцах маш чухал газар. Энэ бол өнө эртний соёл болж тогтсон зүйл. Энд л хамгийн чухал хүмүүс уулзаж, танилцаж, олон чухал асуудлуудын тухай ярьж байсан гэдэг.

5. Хүслээ биелүүлэх боломж

Та хүүхэд байхаасаа л кино, уран зохиол, төсөөлөлдөө сэлэмний тулааны тухай харсан байдаг. Тулаан бүрт л уулга алдаж байсан байх. Харин туялзуур сэлэмний клубт очсоноор энэ хүслээ, энэ мөрөөдлөө биелүүлэх боломжтой болох нь. Та зүгээр л ойр байгаа туялзуур сэлэмний клубт очоод л багын энэ төсөөллөө бодит болгох боломжтой. Янзтай мэдрэмж төрнөдөө. Эхний таван шалтгааныг уншаад л сэлмээр хичээллье гэж бодсон байх. Үлдсэн хоёрыг нь бичих шаардлага байна уу даа???

6. Тархины эрүүл мэндэд тустай

Тархины ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь тархиа байнгын ажиллагаатай байлгах гэж үздэг. Энэ насныхан ихэнхи цагаа нүд, гараа хөдөлгөхөд л зарцуулаад байх шиг. Харин туялзуур сэлэм нь бүх биеийн хөдөлгөөнийг бүх тархиараа удирддаг юм. Тархи судлалын олон улсын сэтгүүлд гарсан нийтлэлээр бол (http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/7500130) туялзуур сэлэмний нөлөө нь 5 хоногийн дараагаас л гарч эхэлсэн байна. Биеийн хүчний шинэ эрдэм сурангаа тархиа эрүүлжүүлээд байна гэдэг нь гайхамшигтай биш гэж үү? Туялзуур сэлэмний бас нэг сайхан зүйл нь таны сурсан эрдэм олон жилийн дараа ч мартагдаагүй байдагт оршино.

7. Зүгээр л зугаатай

Сэрээд л, ажилдаа яваад л, эргэж гэртээ ирж хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрөөгөөд л... Энэ насныхан амьдралын цикл нь хэвийн болсон байдаг. Санаа зовох зүйлүүд ихсээд л... Дэлхийн улс төр, Монголын улс төр, байрны зээл гээд асуудлууд овоорч өгнөдөө.... Хэзээ нь зугаацах юм бэ? Насанд хүрсэн хүмүүс ихэнхи зүйлд санаа зовж, юмыг олон талаас нь эргэцүүлдэг болсон байдаг. Бидэнд зугаацах хэрэгцээ их бий. Амиа хичээгээд ганцаараа зугаацаад байж болохгүй. Туялзуур сэлэмний клубт очоод зугаацаад байвал янзтай даа. Сэтгэл хөдөлгөсөн, айлгасан, догдлуулсан олон мөчийг энд мэдэрнэдээ. Эргэж ирээд л дахиад л үргэлжилнэ.

Хичээллэмээр санагдсан бол одоо бэлтгэлийн цүнхээ үүрээд туялзуур сэлэмний ертөнцөөр аялаад байждээ. Дараах клубууд үйл ажиллагаагаа явуулж байна.

УБ Фенсинг клуб – Утас 99900155, Хаяг МҮОХ-ны байр
Оргил Өөд клуб – Утас 88029096, 88080670, Хаяг: Улаанбаатар чуулгын байр
Эрдэнэт хот, Хангарьд спорт хороо
Багануур хот, Уурхайчин спорт хороо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна