Төрийн банкны “зоос”

2015 оны 10 сарын 27

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар нэгэн чухал асуудлыг хэлэлцсэн нь “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонсох байлаа.

Хувийн өмчит банкийг хүчээр шахуу дампууруулж, төрийн мэдэлд аваад эргээд өмчлөх нэрийдлээр өөрийн болгох далд санаа агуулсан үйл явц өнөөдөр өрнөж байна. Чоно борооноор гэгчээр энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд эдийн засгийн хямрал, цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн зэрэг шалтаг болох нь дамжиггүй. 

УИХ-ын гишүүн Л.Цогийн асуусанчлан хувьцаа эзэмшигчдийг хуралдуулалгүй "Зоос"-ыг татан буулгасан. "Зоос" банкийг дампуурах үед УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчдийн авсан их хэмжээний мөнгөний зээлийг барагдуулсан эсэх тухайд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан88 тэрбум төгрөгт хүрч өөрийн хөрөнгө нь 55 тэрбум болсон байсан учраас хувьцаа эзэмшигчдийг хуралдуулаагүй татан буулгасан. Ийм эрх бий. УИХ-ын гишүүдтэй холбоотой зээлийг шууд хариулж болох эсэхийг мэдэхгүй байна” гэсэн хачин тайлбарыг хийв. Үйл явдлыг сайтар ажиглавал, анхнаасаа хэвийн үйл ажиллагаатай байсан энэ банкийг зохион байгуулалттайгаар дампууруулах ажиллагаанд улстөрчид оролцсон байдаг. Тиймээс ч тэрээр хариулж болох эсэхээ мэдэхгүй, албан тушаалаа алдах бодит аюул нүүрлэхээс болгоомжлон ийнхүү хариулсан байх.

Үүнийг гардан гүйцэтгэсэн гэж хэлж болохуйц улстөрчид нь тухайн үеийн засгийн эрхийг барьж байсан С.Баяр, түүний Сангийн сайд С.Баярцогт, С.Баярын суудлыг “залгамжилсан” Сү.Батболд, Мон­гол­­банкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж нар. Харин тэдний хийсэн “луйврыг” Сангийн сайд асан Ч.Улаан, Монголбанкны ерөн­хий­лөгч Н.Золжаргал нар мэдсэн ч мэдээгүй мэт байсаар ирсэн нь ха­чир­халтай.

Хувьцаа эзэмшигчдийг хуралдуулаагүй, ногдол ашиг хуваарилах боломжгүй гэх шалтгааны цааны 10 сая ам.долларын хэрэг бий.

Учир нь, “Зоос” банкны хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсэхэд, “Зоос банкны хувьцаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй хэвээр байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчдийн асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэх болно” гэсэн албан бичгийг Сангийн яамнаас өгч байж.

Одоогоос зургаан жилийн өмнө дампуурсан гэх “Зоос” банк өнөөдөр хуулийн этгээд хэвээрээ, улсын бүртгэлээс хасагдаагүй байгаа. Тэр ч бүү хэл Хөрөнгийн бирж дээр ч бүртгэлтэй хэвээрээ байна.

“Зоос” банкны гол хувьцаа эзэмшигч Д.Батбаяр хэзээний өөрсдийнхөө мөнгийг гаргуулаад авчихаж. Харин жижиг хувьцаа эзэмшигчид хохироод үлджээ.  

Баримтаас харвал, “Зоос банк” ХК-ийн нийт хувь­цааны гурван сая 461 мянга 520 ширхэгийг ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, түүний “Нэгдэлчин” ХХК 332 мянга 616-г, “Оймод” ХХК нь хоёр сая 543 мянга 913 хувьцааг, харин Д.Батбаярын хүүхэд болох Хатантүлхүүр, Хатантуул нарын хувь­цаа нийлээд нэг сая 97 мянга 663 хувьцааг эзэмшдэг байжээ. Нэг ёсон­доо, тэрбээр өөрөө болон үр хүүхэд, компанийнхаа нэрээр дийлэнх хувьцааг нь эзэмшдэг байжээ.

Харин түүний дараа ЕСБХБ нийт хувьцааны 25 хувь буюу гурван сая 666 мянга 677 хувьцааг эзэмшиж байж. Өөр нэгэн анхаарал татахуйц хувьцаа эзэмшигч нь “Алтжин” группын захирал Г.Алтангийн хүү Э.Сүрэн хоёр сая 447 мянга 997 хувьцаа эзэмшиж байсан нь хувь эзэмшигчдийн тархалтын мэдээнээс ил харагдана. Гэхдээ дээрх хувьцааг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржээс тусгаарлан гүйлгээнд оруулахыг нь хориглосон байсан ч хэзээний мөнгийг нь гаргаад өгчихсөн болохыг нотлоод байна. Харин энэ хэрэг явдлыг сайн мэдэх Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг ээлж дараалан сольж, энэ асуудлыг анхнаас нь мэдэх хүнгүй болсон гэсэн үг.

Гэтэл тухайн үед бүтэц нь өөрчлөгдсөн учраас гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор 2012 онд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн гаргасан тогтоолын дагуу 100 тэрбумын бонд гарган арилжаалсан байдаг. Тэрхүү 100 тэрбумын бондын төлбөрөөс 35 тэрбумыг нь Төрийн банк буцаан төсөвт тушаасан ч үлдсэн нь яасан нь мэдэгдэхгүй алга болсон талаар эх сурвалж хэллээ. Энэ талаар ч өмнө нь Төсвийн байнгын хорооноос томилогдож ажилласан ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Н.Батбаяр, Ц.Сэдванчиг нар “Зоос” банкинд зориулж гаргасан бондыг нэг компани хувьдаа авсан гэх утга бүхий мэдээлэл хийж байсныг сонингийн шарласан хуудаснаас харж болно.

Энэ бүхний ард улс төр, эдийн засгийн ашиг сонирхол нийлсэн бүлэглэл байгаа гэж хардахаас өөр аргагүй жишээ нь хувьцаа эзэмшигчид энэ хэргийг шалгуулахаар прокурор, Мөрдөн байцаах газруудад хандаж байсан ч хэргийг хариуцсан тухайн мөрдөн байцаагч, прокуроруудыг нь дэвшүүлэн зайлуулах замаар хэргийг бүдгэрүүлсэн баримт.

Хувийн өмчийг дээрэмдэж, тө­рийн мэдэлд авсан эрхмүүдийн тавьсан Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд болох Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг, Сангийн яамны Сан­хүү, эдийн засгийн бодлогын газ­рын дарга асан Б.Батбаяр, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга асан Б.Ганбат, “Баялаг” компанийн зөвлөх Х.Ганбат, Сангийн яамны газрын дарга асан Б.Гэрэлмаа нар тус бүр “олзноос” хувь хүртэж 90 сая төгрөгийн ашиг хүртсэн нь нотлогдсон. Үүний дагуу Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Төрийн банкны ТУЗ-д ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан төрийн албан хаагчдыг буцаж төрийн албанд орох эрхгүйгээр халах үүргийг сайд нарт өгсөн ч жинхэнэ хохирогчдын хохир­лыг барагдуулж чадаагүй.

Төрийн банк болохоос өмнө “Зоос" банк хэвийн үйл ажиллагаагаа явуулж байхад нийт 635 хувьцаа эзэмшигч байснаас 130 нь гадаадын иргэн байсан баримт байна.

Тэд бүгд хохироод үлдсэн. Харин Засгийн газрын зүгээс хохирсон иргэдээ хамгаалахын оронд булаан авсан хөрөнгийг нь буцаагаад хэн нэгэнд зарах тухай ярьж сууна. Тэрхүү азтан нь Худалдаа хөгжлийн банкны гэгддэг Д.Эрдэнэбилэг гэж жиргээчид өдөр шөнөгүй жиргэх болсон. Магадгүй энэ нь анхаарлыг өөр зүгт шилжүүлэх гэсэн тактикийн тоглолт байхыг үгүйсгэхгүй. Харж л байя.

Ийнхүү иргэдийн хөрөнгийг дээрэмдэн төрийн мэдэлд оруулсан улстөрчид барьцаа лавшруулж нэгмөсөн өөрийн болгохоор хөдлөөд эхэлжээ. Олон хүний хүч хөдөлмөрөө шингээн байж босгосон банк ийнхүү улстөрчдийн өлөн нүдэнд өртөж төрийн мэдэлд шилжиж, түүнийг нь сайжруулах нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгөний зарим хэсэг нь бонд болон замхарч, тэр бүхний эцэст улстөрчдийн өв хөрөнгө болох ёрын төлөвлөгөө явж байна.

Энэ бүхнээ гүйцэлдүүлэхийн тулд л АТГ-ыг нэр хүндгүй болгож, аймшгийн мангас мэт харагдуулах гээд буй улстөрчдийн цаад учир шалтгаан оршино. Тиймээс л аливаа асуудлыг нь АТГ анзаарахгүй бол сайн, анзаарах нь байтугай алга болчихсон бүр сайн.

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна