Индонез худалдааны гэрээнд нэгдэхийг хүсэв

2015 оны 10 сарын 27

 

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр /Х.26/ АНУ-ын төрийн тэргүүн Барак Обаматай уулзах үеэрээ Транс-Номхон далайн түншлэлийн гэрээнд нэгдэх хүсэлтээ илэрхийлжээ. Жоко Видодо хэлэхдээ “Индонез бол Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг. Бид Транс-Номхон далайн түншлэлийн гэрээнд нэгдэх хүсэлтэй байна” хэмээжээ. Транс-Номхон далайн түншлэлийн худалдааны гэрээнд АНУ-аас гадна 11 орон багтсан байдаг юм.

 

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо АНУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр орны хооронд 20 гаруй тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлцэл байгуулагджээ. Тухайлбал, Коко-Кола компаниас 500 сая ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт авах болон эрчим хүч, эрүүл мэндийн салбарт нэг тэрбум ам.долларын гэрээ байгуулсан хэмээн Вашингтон дахь Индонезийн элчин сайдын яамнаас мэдээлжээ.

 

Түүнчлэн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд цаг уурын өөрчлөлт, тэнгисийн аюулгүй байдлыг хангах болон Индонезийн ойд гарсан түймрийн талаар хэлэлцсэн аж. Индонезийн арлуудад гарсан ойн түймрийн нөхцөл байдлаас шалтгаалан ерөнхийлөгч Жоко Видодогийн АНУ дахь айлчлал богино хугацаанд болж өндөрлөжээ.

 

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна