Засгийн газрыг цомхотгох төслөө татаж авчээ

2015 оны 10 сарын 27

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Засгийн газраас төрийн байгуулагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албаны зардлыг бууруулах зорилгоор 2015 оны тодотгол болон 2016 төсвийн төсөлтэй хамт Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.

Тодруулбал, Засгийн газрыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн есөн яамтай ажиллахаар төсвийн төсөлд тусгасан тул холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа юм. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд уг заалт нь 2016 оны сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхэд халдсан асуудал тул 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх нь зөв гэсэн санал гаргасан. Энэ нь өнөөгийн Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай болсныг Ерөнхий сайд хуулийн төсөл татан авах бичигтээ дурьджээ.Тэрбээр, Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнийн уналтаас хамааралтай эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газрын тогтворгүй байдалд орох нь муу үр дагавар үзүүлнэ. Тиймээс дээрх хуулийн төслүүдийг эгүүлэн татаж байна” гэжээ.Түүнчлэн Засгийн газар төрийн байгуулагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албаны зардлыг бууруулах зорилгоосоо ухрахгүй бөгөөд уг асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ажиллах болно гэдгийг Ерөнхий сайд бичигтээ онцолсон бөгөөд уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна.

Т.НОМИН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна