УИХ-ын гишүүний туслахыг цомхотгохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүний туслахыг цомхотгохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг, намын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг цомхотгохоор болж, шийдвэрлэлээ. Тодруулбал, намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон 28 гишүүн бүр туслахгүй, тойргоос сонгогдсон 48 гишүүн тус бүртээ зөвхөн нэг туслахтай ажиллах Засгийн газрын санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээд байгаа юм.

Үүнтэй УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, “Гишүүний туслах ч бусдын нэгэн адил моргейжийн зээлтэй байгаа. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэж байлаа.

Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх байнгын хорооноос дэмжлэг хүлээгээд байгаа гишүүдийн туслахыг цомхотгох санал чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээх эсэхээс шалтгаалж эцсийн шийдвэр гарах юм.

Онцлоход, УИХ 2014 онд 2015 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэж байхдаа тойргоос сонгогдсон гишүүний нэг туслахыг, намын жагсаалтаар сонгогдсон гишүүний нэг туслахыг тус бүр цомхотгож байсан юм. Ингэснээр тойргоос сонгогдсон гишүүн хоёр туслахтай, намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүн нэг туслахтай үлдсэн нь одоо дахиад цомхотгогдож мэдэхээр болоод байна.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын 2016 оны төсвийн урсгал зардлаас 667,1 сая төгрөгийг хасч, хөрөнгө оруулалтад шилжүүлэх санал олонхийн дэмжлэг хүлээлээ.

УИХ-ын Тамгын газрын газрын ерөнхий нарийн бичгийн даргын тайлбарласнаар бол шинээр бүрдэх УИХ-д ажиллах гишүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор дээрх зохицуулалтыг төсөв дотор нь хийх шаардлагатай аж.

Үүнийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл эсэргүүцэж “Нэгэнтээ УИХ-ын даргын зөвлөл, Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн 2016 оны төсвийн хуулийн төслийг бид дэмжих ёстой. Засгийн газрын оруулж ирснээр явуулах ёстой” гэж байв.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж