Ажлын хэсгийн гишүүд ТТБ-уудын төлөөлөлтэй уулзлаа

2015 оны 10 сарын 27

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургууль болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж тус байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан юм.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Арвин, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн З.Баянсэлэнгэ болон ажлын дэд хэсгийн гишүүд өнөөдөр /2015.10.27/ төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэн тэргүүнд үзүүлэх шаардлагатай үйлчилгээ болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа.

Хуралд оролцсон төрийн бус байгууллагуудын төлөөлөл Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт боловсролын талаар бие даасан хуультай байх ёстой эсэх талаар саналаа хэлэхдээ, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар олон эрх зүйн баримт бичигт тусган өгсөн байдаг боловч хуулийн заалтуудаас зарим нь хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, зөвхөн тунхагийн шинжтэй байдаг бол эрхийн талаар зохицуулсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хариуцлагын механизм сул, хууль хэрэгжүүлэх эрмэлзэл төрийн зүгээс шаардлагын төвшинд хүрдэггүй. Иймд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах үүднээс тэдгээрийн сурч боловсрох орчин болон нөхцөлд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулах нь зүйтэй хэмээлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Ажлын хэсгийн гишүүд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тусгай сургалттай сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж байгаа талаар дурдаад, өнөөдөр төрийн бус байгууллагуудын төлөөлөлөөс гаргасан саналуудыг судалж, асуудлыг шийдэхэд Байнгын хороо анхаарал хандуулан ажиллах болно гэлээ.

Хуралд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Ц.Мөнхсаруул, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Баатаржав, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Л.Энхбаяр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн М.Баясгалан болон бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна