Цалин хасахыг БХ дэмжсэнгүй

2015 оны 10 сарын 27

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2016 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Сүүлийн үед шүүгчдийн цалинтай хамаатуулж хууль хяналтын байгууллагынхны цалин өндөр гэсэн ойлголт нийгэмд үүсээд байна. Өнөөдөр яам, тамгын газар ажиллаж байгаа хүмүүсийн цалин 500-600 мянган төгрөг л биз дээ. Цалин бууруулах асуудлыг зөв өнцгөөс авч үзэх ёстой. Тухайлбал, насаараа хянагч хийж байгаа хүний цалин бодит амьдрал дээр хэдээр буурч байгаа вэ ” гэв.

Уг асуултад Сангийн сайд Б.Болор “Хуулийн салбар гэж цалингийн хасалтыг ялгаварлах асуудал байхгүй. Хянагч нарын цалин дунджаар 554 мянган төгрөг байдаг. Ирэх жил хянагч нарын цалинг бууруулахгүй. Энэ жилийн түвшинд нь барина. Төрийн дээд албан тушаалтан болон улс төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах асуудал яригдаж байгааг улстөрчид сайн ойлгох ёстой Төрийн захиргааныхны цалинг буруулсан нь баахан цомхотгол явуулж байснаас тодорхой тооны албан хаагчдын цалинг бууруулаад явах нь зөв гэж үзсэн” гэв.

Энэ үеэр АТГ, ШШГЕГ, ХХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд одоогийн байдлаар хэдэн төгрөгийн цалин авдаг , уг цалин нь ирэх оны төсөвт тусгасан шиг бууруулахаар болбол  хэдэн хувиар буурах тухайд тайлбар хийсэн юм. Хууль шүүхийн байгууллагуудын удирдлагуудын хийж буй тайлбараар бол ихэнх байгууллагын төсөв 10 хувиар буурч орж ирэх гэнэ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт цалин хасах шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд “Атар” талхны үнэ 2012 онд 630 төгрөг байсан бол одоо 1150 төгрөг болж өссөн байна. Иймээс үнийн өсөлттэй уялдуулж харин ч хоёр дахин нэмэгдүүлэх ёстой” гэлээ.

Сангийн сайд Б.Болор хэлэхдээ, “Эдийн засаг хүнд байгаа үед цалин бууруулах нь авдаг л арга хэмжээ. Мөнгө санхүү сайжирсан үед өсгөж болно. Одоогийн байдлаар бид урсгал зардлыг 2012 оны түвшинд авчирсан” хэмээн тайлбарлалаа.

Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд дээрх байгууллагуудын удирдлагад хандаж, сүүлийн арван жилийн хугацаанд төсөв нь хэрхэн тэлж ирснийг тодруулсан. Ингэхэд хууль хяналтын байгууллагуудын төсөв жил ирэх бүр өссөн дүнтэй байв. Иймээс УИХ-ын дарга З.Энхболд, “Өнгөрсөн арван жилд хууль шүүхийнхний гэлтгүй нийт төсөвт байгууллагуудын төсөв 5-10 дахин нэмэгдсэн. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газар ТҮЦ машин суурилуулсан. Ийм байтал орон тоогоо танаагүй байдаг. Одоо орлоготой байх үеийн тэлсэн зардлаа хумья гэж байна. Одоо цалинг 10 хувиар бууруулахад болохгүй зүйлгүй” гэсэн саналтай байгаагаа хэллээ. Ингээд цалинг хасахгүй байх тухай гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад олонх цалин хасах шаардлагагүй гэж үзлээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна