Булаг шанд бохирдож байна гэв

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Булаг шанд бохирдож байна гэв

“Дэлхийн монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагаас Архангай, Өвөрхангай аймагт алт олборлолтын ажил хэрээс хэтэрч, байгаль орчин дээд зэргээр бохирдоход хүрсэн талаар мэдээлэл хийв.

“Дэлхийн монгол ногоон нэгдэл”, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлөөс хамтран Архангай, Өвөрхангай аймгийн олборлолтын бүс болсон газарт ажиллаад иржээ. Ялангуяа Архангай аймгийн Цэнхэр сум, Өвөрхангай аймгийн Уянга, Нарийнтээл, Баруун Баян Улаан зэрэг суманд алт олборлолт хэрээс хэтэрч, булаг шандны эх, айлын малын хашаа хороонд хүртэл нэвтэрсэн гэв. Гол нь хууль зөрчсөн энэ үйл ажиллагаанд орон нутгийн цагдаа, байгаль хамгаалагчид ч хүч хүрдэггүй. Дээрээс нь орон нутгийн хууль хүчнийхэн ч тухайн олборлогч компанитай хамтрах тохиолдол бий гэдгийг сануулав.

“Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин “Хууль зөрчиж олборлолт явуулж, улмаар гол ус ширгээж, мал амьтан үхүүлсэн компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийе гэхээр эргээд биднийг дарамталдаг. Тухайн компанийн зүгээс биднийг дарамтлах, хөнөөх үйлдэл ч гаргаж байсан” гэв.

Тэдний мэдээлж буйгаар Орхон голын эхэд л гэхэд хэдэн арван компани хууль бусаар олборлолт явуулсаар ямар ч хяналтгүй болсон гэв.

Нөхцөл байдал нэгэнт ийм дээрээ тулсан ч хохирлын хэмжээ, хор нөлөөг тогтоох боломж нөхцөл байхгүй нь гол аюул гэдгийг Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн С.Цэрэнчимэд хэлж байв.

Тиймээс байгаль орчинд тулгараад буй бодит аюулыг зогсоож, алт олборлолтыг хяналттай, хуулийн хүрээнд явуулах шаардлагатай гэдгийг сануулж байгаа юм. Энэ хүрээнд тус байгууллагаас төрийн гурван өндөрлөг, яаманд албан бичиг хүргүүлж буйгаа мэдэгдэв.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж